Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцыг Английн шүүхийн шийдвэрээр Германд шилжүүлэхээр болсон билээ. Энэ шийдвэрийг түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, Олон улсын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл Ц.Хурцтай холбоотой өөр мэдээллүүд Английн вэб хуудсууд дээр гарч эхэлсэн байна. Түүнийг долоон жил гаруйн өмнө Бельги, Германы нутгаар дамжуулан хүн хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа. Монголын иргэн Дамирангийн Энхбатыг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан тэрээр тагнуулын хоёр, гурван ажилтны хамтаар Францаас хулгайлж авчирсан юм. Хууль бус энэ үйлдэл нь ийнхүү одоо шалгагдаж буй. Английн шүүх хурал ч олон сараар сунжирч байлаа. Харин саяхнаас тэдгээр бүх хурлын талаарх мэдээллүүд Англид төдийгүй дэлхий даяар чөлөөтэй цацагдах болжээ. Англид ажиллаж, амьдарч байгаа Өгөөмөр гэдэг залуу түүний шүүх хурлын процессуудыг нягтлан үзээд Монголын уншигчдадаа илгээсэн байна. Түүний бичсэнээс үзвэл Б.Хурц нь жил шахмын өмнө Англид зорчих ямар нэг урилга хүлээж аваагүй байсан гэнэ. Мөн ямар нэгэн гэрээ хэлэлцээр, уулзалтанд ч оролцох төлөвлөгөө байгаагүй ажээ. Тиймээс Монгол дахь Английн элчингээс тухайн үед түүнд албан ажлын виз олгоогүй, зөвхөн аялал, бизнесийн виз өгсөн гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, тэр Англид очсон урилгагүй зочин байжээ. Монголд байсан Английн элчин сайд Б.Диксоны жилийн өмнө бичсэн нэгэн захидал хүртэл баримт болж шүүгчийн өмнө дэлгэгдсэн гэнэ. Тэрхүү захидалдаа манай тусгай албаны ажилтан Цагаандарь гэгчтэй уулзсан уулзалтынхаа тухай бичжээ. Тэрээр ач холбогдолгүй, үр дүнгүй уулзалт болж өнгөрснийг дурдсан байна. Цаашлаад Элчин сайд Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хүмүүсийн тавьсан саналыг хүлээн авч хэрэгжүүлэх боломжийг авч үзнэ үү гэж Английн Засгийн газар болон тагнуулын албаныхандаа уламжилж байсан байна. Харамсалтай нь Монголын талаас тавьсан санал нь Английн нууц албадын сонирхолд нийцээгүй, манайхныг нэг ёсондоо тоогоогүй бололтой. Б.Диксон тэдний саналыг “Нийтийн эрх ашгийн төлөө бус “ гэж үнэлсэн байна. Гэтэл Монголоос Наранхүү гэгч нь “Манай албаны дарга өөрийн биеэр зорчино. Английн Аюулгүйн албаны дарга Сер Рикетстэй уулзуулах боломж байгаа эсэхийг ноён Хопкинсоос тодруулж өгнө үү” хэмээн холбогдож байв. Ингээд тэр Рикетсийн ажлын цагийн тов дүүрэн ачаалалтай тул уулзуулах боломжгүй гэсэн хариу авчээ. Ийнхүү 2008 оноос эхлэн Б.Бурц болон түүний албатууд Английн Аюулгүйн албатай ямар нэг байдлаар харилцах арга замыг сүвэгчилж байсан байх юм. Харин Английн тал тэдэнд үл итгэсэн болов уу.
Англид суугаа Өгөөмөр өгүүлэхдээ “Б.Хурцыг суллуулахаар Монголын Засгийн газар улайран зүтгэж байгаа нь өнгөн төрхөндөө хүнээ авах гэсэн төрийн өгөөмөр бодлого мэт харагдавч яалт ч үгүй С.Зоригийн аллагад хамааралтай хүмүүс байгаа нь тэнэг хүнд ч ойлгогдохоор болж байна. Эдгээр хүмүүс өөрсдийнхөө үйлдсэн хэргийг илэрвэл Монголын ард түмэн тасдаж хаяна гэдгийг мэдэж байгаа. Энд чинь шүдний эмч дээр ороход хүртэл бараг сарын өмнө тов авдаг, үсчинд орсон ч тов. Гэтэл манай аюулгүйн албаныхан ёстой алиагаа алдсан байна. Ингээд Английн талаас ямар ч байгууллага албан ёсны урилга өгөөгүй, ямарч нууц хэлэлцээрийн товгүй, албаны ямарч уулзалт төлөвлөгдөөгүй байсныг шүүгч Мосес 100 хувь нотолсон байна. Б.Хурц маань том дарга болохоороо яваад оччихсон байхад хэн нэгэнтэй нь уулзаж хамтын ажиллагааны эхлэлийг тавих байх гэдэгт найдсан бололтой. Монголын талыг хариуцсан албаны хүн (референт) учир ноён Хопкинс нь Наранхүүгийн гуйлтаар эрхбиш нэг уулзах байх гэж бодсон болов уу. Гэвч тэр хүн нь Британийг төлөөлж гэрээ хэлэлцээр хийх дайтай эрх мэдэлтэн биш байж. Ямар ч байсан энэ шүүх хурлын процессоос харахад Хурцыгаа явуулаарай, танай даргыг чинь л хүлээж авна гэж Британий талаас гуйгаагүй юм гэдгийг эрхбиш ойлгоно. “Хурцыг хуурч мэхлэн баривчлав. Английн элчин чамайг даа” гэсэн уур амьсгал гарангуут хөөрхий Диксоныгоо татаад авах ухаан төрөлгүй дээ, Англичуудад. Одоо байгаа Элчин сайдыг нь бас жагсаал цуглаанаар оролдоод л, хайран ч Монголын минь нэр хүнд.
Харин Хурцыг баривчлах ажиллагааг зохион байгуулж отож байсан товариш бол (SOCA) Serious Organised Crime Agency буюу Зохион байгуулалттай онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын офицер Кох гэдэг хүн байна. Хурцыг Германы талаас хайгдаж байгааг онилж 2010 оны 3 сард гадаадад зорчиж байхад нь баривчлах бодолтой байсан боловч холбогдох байгууллагуудаас бүрэн эрх өгөөгүй тул баривчилж чадаагүй бөгөөд Германы талаас 4 сард, Европын холбооны холбогдох албаны мэдүүлгийн хамтаар ( баривчлах ордерын эсрэг халдашгүй эрх гэмт хэрэгтэнд байхгүйг дурдсан бололтой) түүнд бүрэн эрх өгснөөр тэр цагдаагийн офицер улсынхаа Гадаад харилцааны яам, Бээжинд байрладаг Британий визийн хянах газар, Монголд суугаа элчин сайд , Европын Холбоо, Германы тусгай албадуудтай шууд харьцан материал мэдээ цуглуулаад л хүлээж суусан байна. Тэгээд л Хурц бандан пад. Миний хувьд анхны нийтлэлээ бичиж байхдаа Хурцад зэвүү хүрч байснаа юунд нуухав. Одоо бол тушаал биелүүлсэн цэрэг гэдэгтэй санал нийлж байнаа. Унгарт элчин сайдын яаманд ажиллаж байсныг нь энэ шүүх хурлын протоколоос мэдлээ. Албан тушаал амласан болохоор л Европ руу зүглэж гэмт хэрэг тарьж дээ. Тэгээд л элчингийн ажилтнаас ийм өндөр тавцан дээр буусан байх нь. Тийм байлгүй дээ, мэргэжлийн тасарчихсан тагнуулч, мэдлэг өндөртэй хүн бол юу гэж өөрийгөө ингэж барьж өгөх вэ дээ. Тушаал өгсөн цаад эздүүдээ илчлээд ард түмнийхээ дунд ороод ирэх хоншооргүй л залуу юм даа. Ц.Нямдорж сайд би биш шүү гээд хамгийн түрүүн дуугарсан. Дуугарахдаа экс Ерөнхийлөгч рүү хараад дуугарсан, С.Баяр чимээгүй л байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон хүн өршөөж цагаатгасан. Талийгаач Д.Энхбатын нэрийг гэр бүлийнхэн нь ширээн дээр нь аль хэдийнэ л тавьсан. Н.Энхбаяр гэж нээх сонин хүн байна. Их л ээдрээ байна даа, энэ хэргийг бүү мартаарай монголчууд минь” гэжээ.
Түүний ярьсан дээрх хэсгийг Zindaa.mn сайт ямар нэг хасалт, таналтгүйгээр таньд хүргэлээ. Уншигч та үүнээс нэгийг тунгаах биз. Англид гарч байгаа Б.Хурцын талаарх мэдээллүүд Монголдоо сууж буй бидний өдөр тутмын хэвлэлүүдээс олж авч байгаагаас ихээхэн ялгаатай байна. С.Зориг агсны үхлийн шалтгаан болон түүний амийг хороосон, энэ хэргийг бусдад, ялангуяа Д.Энхбатад чихэж, булзааруулах гэсэн тэр бүх оролдлогууд, хэргийн цаад эздийг илчлэхэд эдгээр мэдээллүүд ямар нэг байдлаар тус дөхөм үзүүлж ч мэдэх юм. Ямартай ч Б.Хурц төрийнхөө том ажил албаны шугамаар Англид очоогүй юм байна.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )