Монголч эрдэмтэн Жак Легран: Бидний амьдрал тэр чигээрээ Монгол оронтой холбоотой. Хоёр дахь эх орон минь

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Дэлхийн монголч эрдэмтдийн X их хурлын зочид, төлөөлөгчдийн түрүүч ирж эхэлжээ. Энэ удаагийн зочноор Парисын дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургуулийн Ерөнхийлөгч, монголч эрдэмтэн, монголчуудын эртний танил Жак Легран гуайг урилаа. Тэрээр эхнэр Ядвига Леграны хамт Монголд ирээд гурав, дөрөв хонож байна. Дэлхийн монголч эрдэмтдийн их хурал, Олон улсын нүүдэлчдийн соёл, иргэншлийн хүрээлэнгээс зохион байгуулж буй "Нүүдэлчдийн соёлын олон талт байдал" сэдэвт их хуралд тус, тус оролцохоор ирсэн гэнэ. "Монголын нууц товчоо" амралт, жуулчны баазад амарч байгааг нь дуулаад ярилцлагад урьж байгаагаа утсаар дуулгахад уриалгахан хүлээж авсан Легран гуай найрсаг, сайхан зантай хүн юм. Биднийг очиход гэргийнхээ хамт жуулчны баазын ойролцоо салхинд гарсан байв. Хүзүүндээ зүүсэн гэрэл зургийн аппаратаар щувуу, ой мод, тэртээд харагдах адуун сүрэг, хот айл гээд монгол ахуйн зургийг үлдээлгүй авч байгаа харагдана. Биднийг очиход "Сайн явж ирэв үү. Оройн зоогт юу захиалах вэ" гэсээр угтлаа. Монголоор ус цас шиг л ярих юм. Арга ч үгүй биз. Франц улсаас Монголд ирж суусан  анхны Элчин сайдуудын нэг, 1967 оноос өнөөг хүртэл 50 гаруй жил Монголыг судалж байгаа  эрдэмтэн бол Жак Легран гуай билээ. Монголд олон жил ажиллаж, амьдарсан болохоор монголчууд түүнийг андахгүй. Өөрийнх нь амьдралын олон сайхан дурсамж Монголтой холбоотой болохоор тэрээр манай улсад элэгтэй нэгэн. Тиймдээ ч "Монгол бол миний хоёр дахь эх орон" гэж бардам хэлэх эрхтэй хүний нэг. Жак Легран  гуай Монголоос гадна орос, япон, хятад, польш, чех, англи гээд олон хэлтэй. Гэргийтэйгээ хамтран "Франц-Монгол толь бичиг"-ийн ном гаргаж байсан тэрээр өдгөө "Нүүдэлчид, нүүдэлчдийн нийгэм, түүх, соёл" нэртэй 530 хуудас бүхий том номоо Монголд хэвлүүлэхээр зэхэж байгаа. Номондоо англи, франц, орос, монгол хэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүллэгүүдээ оруулсан гэнэ. Түүний гэргий Ядвига Легран польш хүн. Польшийн их сургуулъд есөн жил багшилсан бөгөөд одоо ханийнхаа хамтаар судалгаа, шинжилгээний ажил хийдэг аж. Тэднийх ганц охинтой. Охин нь таван настай байхдаа Монголд ирж байсан бөгөөд Инээс гэдэг монгол нэртэй. Энэ тухай тэд "Нэг сэтгүүлч надаас охины минь нэрийг асуухад нь манай охин дандаа инээдэг учраас Инээс гэдэг нэр өгсөн гэж хэлсэн" хэмээн хуучилж байна. Инээс одоо дизайн, хувцас загварын чиглэлээр магистр хамгаалж байгаа гэнэ. Жак Легран гуай манай сурвалжлах багийг гадаа тагтан дээрх модон ширээнээ урьснаар бидний хооронд ийм яриа өрнөлөө. 

 

-Сайн явж байна уу, сайхан зусч байна уу, Легран гуай. Монголд хэзээ ирэв?  

-Та бүхэн сайн явж ирэв үү. Бид ирээд удаагүй. Монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хоёр их хуралд оролцох зорилготой ирээд амарч байна.

-Энэ удаа ямар сэдвээр илтгэл тавих гэж байна?     

-Олон улсын нүүдэлчдийн соёл, иргэншлийг судлалын хүрээлэнгээс Улаанбаатар хотноо зохион байгуулах "Нүүдэлчдийн соёлын олон талт байдал" сэдэвт эрдэм шинжилгээний их хурал болон Дэлхийн монголч эрдэмтдийнолон улсын X их хуралд оролцоно. Эхний хуралд нүү-дэлчдийн соёл судлалын асуудлаар илтгэл тавина. Мөн Академийн эрдмийн зөвлөлийн даргын хувиар үг хэлнэ. Энэ удаагийн Монголч эрдэмтдийн олон улсын их хурал "Монголын гадаад харилцаа ба бодлого"гэсэн сэдвээр хуралдана. Гол сэдвийн дагуу илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

-Ингэхэд та яаж яваад монгол хэлийг ийм сайн сураа вэ? 

-Монголд ажиллаж байхад намайг орос хэлээр сайн ярьдгийг мэдээд бүгд надтай оросоор ярьдаг байсан. Хэдэн жилийн дараа зарим хүмүүс намайг орос хэлээр сайн ярьдгийг мартаад надтай монголоор ярьж эхлэхэд их баярлаж билээ. 1970 оны үеэс монголоор сайн ярьдаг болсон. Одоо бол би алдаатай ярьдаг ч монгол хүнтэй адил алдаа хийвэл их сайн /хошигнов/.

-Монголч эрдэмтдийн их хурал олон ой давхцсан түүхт жил болж байгаагаараа онцлог гэцгээж байна. Хурлын ерөнхий гол сэдэв "Монгол Улсын гадаад харилцаа ба бодлого"-ын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Монголын гадаад харилцааны түүхэн замналыг та хэрхэн дүгнэж байна?

-Монголчуудын гадаад харилцааг хоёр зүйлээс салгаж болохгүй. Түүний нэг нь Азийн түүх. Монголчууд Азийн нэг хэсэгт амьдардаг учраас энэ асуудал маш чухал. Технологи, соёлын янз бүрийн харилцааг аваад үзэхэд олон асуулт гардаг. Тухайлбал, монголчууд яагаад морь унадаг вэ гэх жишээтэй. Гэтэл морийг Монголд эзэмшиж байгаагүй, Хар тэнгисийн мужаас зэрлэг байхад нь авч гаршуулан Ази даяар тархаасан нь шинэ соёлын үндэс болсон. Нөгөө талаас нүүдэлчдийн ёс заншил, бүтэц өөрөө маш том судлагдахуун юм. Нүүдэлчдийн соёл, нийгэм, эдийн засгийн сэтгэлгээний систем хөгжсөний үндсэнд монголчуудын гадаад харилцаа үүсч бий болсон. Нүүдэлчид өөрийнхөө систем, бүтцийн үндсэнд, өөрсдийнхөө гадаад харилцааны системийг мөн бүтээсэн гэж болно. Нүүдэлчид тухайн үед тархай, бутархай хэсэг бүлгээр амьдардаг. Бүлэг бүр хэтэрхий сул, хүчгүй. Тиймээс гадагшаа яаж харилцах вэ гэдэг нүүдэлчдийн хувьд маш чухлаар тавигдсан. Энэ сэдэв маш сонирхолтой, одоо ч эрдэмтдийн анхаарлыг татдаг. Монголчуудын гадаад түүхийн үндсээс одоо ч шинэ зүйлийг олж болно. Тухайлбал, Умард Хятад нүүдэлчдийн гадна байгаагүй. Хятан, Хүннү, Түрэг улс нүүдэлчдийн соёлд чухал нөлөөтэй байсан ч тэдний гадна байгаагүй. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоод хоёр соёлын харилцааны ойролцоо үзлээр хамтарсан муж байсан. Хөх нуур, Төвд, Кашгар зэрэг муж их өргөн харилцаатай байсан. Үүн дотор хил хязгаар байгаагүй. Нүүдэлчид хил хязгааргүй амьдарч чадсан. Нэг жишээ хэлэхэд, Хубилай хаан Марко Полог дэргэдээ зөвлөхөөр авч байв. Юли Чуцай Чингис хаан, Өгөөдэй хааны зөвлөгч нар монгол хүн байгаагүй. Соёлын солилцоо, нөлөөг аваад үзэхэд монголчууд олон зуун жилийн тэртээгээс гадагшаа харсан бодлого явуулж ирсэн. Энзэ бодлогыг аваад үзвэл Чингис хаан дайн хийхийг урьтал болгоогүй, харин яаж шинэ маягийн харилцааг бий болгоход анхаарчээ. Тухайн үед Чингис хааны цэргийн тоо маш цөөхөн байсан байна. Чингис хаанаас хойш Өгөөдэй хаан Европыг довтлоход 130 мянган цэрэгтэй байсан бол Сүн улсын цэргийн тоо 1.5 саядхүрээд байсан. Монголчууд яагаад цөөхөн цэрэгтэй байсан гэвэл улс төрийн ухаан, чадвар их өндөр байсантай холбоотой. Гадаад харилцаа гэж юу вэ, түүний зорилго, сонирхол, ашиг ямар байх ёстой вэ гэдгийг зөвхөн нүүдэлчид л тэр үед ойлгож чадсан байна. Тийм учраас дэлхийн түүхэнд маш том үүрэг гүйцэтгэсэн.  

-Монголыг олон жил судалсан эрдэмтдийн нэг. Амьдралынхаа хэдэн жилийг энэ ажилд зориулав?

-Би Монголыг судлаад удаагүй, дөнгөж 50-хан жил болж байна. Анх 1967 оны нэгдүгээр сард Монголд хөл тавьж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл судалж байна. Нэг талаас хэл шинжлэл, нөгөө талаас түүх, түүн дотроо орчин үеийн түүх, Ардын хувьсгалын түүх гээд олон чиглэлээр судлахад уртхан цаг хугацаа хэрэгтэй. Тэр бүхнийг сайн ойлгохын тулд урд үеийн түүхийг судлах ёстой. Тиймээс би докторын ажлынхаа диссертацийг Манжийн үеийн хууль, дүрэм гэсэн сэдвээр бичсэн.Хэл, түүхээс гадна анторопологийн асуудал анхаарал татаж байлаа. Тэр үеийн нүүдэлчдийн байдал, аж амьдрал, зохион байгуулалт гэх мэт асуудалд судалгааныхаа ажлаа зориулсан. 1992 онд ЮНЕСКО-гийн "Нүүдэлчдийн зам" экспедицийн "Торгон зам" хөтөлбөрт оролцож, түүний дараа болсон эрдэм шинжилгээний бага хурлыг даргалан зохион байгуулсан юм. Тэр үеэс Олон улсын нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах төв байгуулах санал гаргасан маань 1995 онд шийдвэрлэгдэж, 1998 онд эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан. Түүнээс хойш академич Б.Энхтүвшин захирлаар, би эрдмийн зөвлөлийн даргаар өнөөг хүртэл ажиллаж байна.

-Монгол оронтой ажил амьдралаа холбосон нь санаадгүй тохиолдол уу, эсвэл сонголт уу?

-Тохиолдол, сонголтын аль нь ч биш, тэр бол томилолт байсан юм. Би дунд сургуульд орос хэлийг сайн сурсан. Их сургуульд ороод орос, хятад хэл судалсан. Нэг жил суралцсаны дараа намайг Бээжин рүү явуулна гэж байсан ч тэр үед Соёлын хувьсгал эхэлж гадаадын оюутнуудыг оруулаагүй. Мөн тухайн үед Франц улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод байсан юм. 1966 оны үед намайг Элчин сайдаар явуулахаар болтол би Москва, Ташкентад байсан учраас ололгүй өөр хүн явуулсан юм билээ. Гурван сарын дараа тэр хүн Монголд амьдарч чадахгүй нь гээд сэтгэлгээний хямралд орчихсон буцаж ирснээр намайг дуудаж "Монгол руу Элчин сайдаар явахад бэлэн үү" гэжасуулаа. Ингээд би 1967 оны нэгдүгээр сарын 29-нд Монголд ирсэн. Тэр цаг үе өнөөдөр юм шиг тод санагдаж байна.

-Тэр үеийи сэтгэгдэл ямар байв?

-Их сонирхолтой. Тэр үед Монголд гадаад хүн цөөн. Тэдний олонх нь орос хүн байсан юм. Хэл мэддэг учраас хааяа оросуудтай уулзаж ярилцана. Гэхдээ тэдний хувьд капиталист орны хүнтэй уулзахад хэцүү байсан. Тиймээс би монголчуудтай уулзаж, ярилцдаг байлаа. Гэхдээ дандаа орос хэлээр ярина. Тухайн үед монголчууд орос хэл сайн мэддэг. Надад Монголын бүх зүйл сонирхолтой санагдсан. Б.Ширэндэв, Я.Цэвэгмид, Бямбын Ренчин нартай уулзаж ярилцдаг байсан болохоор улс төрийн асуудал чухал байгаагүй. Бид хэл, соёл, түүхийн сэдвээр ярилцдаг байлаа.

-Монголын бүх аймаг, сумдад очиж үзсэн гэж дуулсан. Манай улсад олон удаа ирж, буцсан байх?

-Монголд олон удаа ирсэн. Тоог нь тодорхой хэлж чадахгүй байна. 1974 онд ирэхдээ Монголын нутгаар аялж, анхныхаа номыг гаргасан. Аймгуудаас Дорнод, Сүхбаатарт очиж амжаагүй. 1960-1970 онд энэ бүс нутагт Зөвлөлтийн цэргийн хэсэг байсан учраас барууны хүмүүсийг оруулдаггүй байсан юм. Тиймээс Дорнод- Монголын тал миний хувьд хаалттай бүс байлаа. Гэхдээ очиж үзэхсэн гэж боддог.

-Таныг эхнэртэйгээ Монголд анх танилцаж, гэр бүл болсон гэж сонссон. Өнөөдөр та хоёрын хуримын ой тохиож байгаа гэв үү?

-Би 1982 оны наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирж эхнэртэйгээ анх танилцсан. Тухайн үед Дэлхийн монголч эрдэмтдийн их хуралд оролцохоор эхнэр маань Польшоос, би Францаас ирж байлаа. Бид өчигдөр /08.04/ хуримынхаа 26 жилийн ойг энд /"Монголын нууц төвчоо" амралт, жуулчны баазад/ тэмдэглэлээ.

-Яаж тэмдэглэв?

-Сайхан дурсамжуудаа ярьж, дарс тулгасан. Бидний амьдрал тэр чигээрээ Монгол оронтой холбоотой. Бидний хоёр дахь эх орон. Тиймээс дандаа сайхнаар дурсч явдаг.

-Асуултаа жаахан өөрчилье. Танай сургуулийн тухай сонирхмоор байна. Дэлхийн 90 гаруй хэл үздэг гэхээр нийт хичнээн оюутантай вэ?

-Парисын Дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургууль 1795 онд байгуулагдсан. Дэлхийн 93 орны хэлээр сургалт явуулдаг. Ирэх жилээс киргиз хэлийг зааж эхлэх байх. Манайхтай адил сургууль дэлхийд дөрөв, тав л бий. Тухайлбал, манай сургуулийн загвар дээр байгуулагдсан Лондоны их сургууль байна. Токио, Бээжинд Гадаад хэлний хэл иргэншлийн их сургууль бий. Санкпетрбург, Москвад Дорно дахины хэл соёлын их сургуулийн нэг хэсэг байдаг. Санктпетрбург, Ленинградын их сургуулийн хөтөлбөрөөс 140 хэлний нэрх харж болох ч 40-өөс дээш хэл сургадаггүй. Манай сургуульд дэлхийн 93 хэлийг хмгийн өргөн хүрээтэй зааж байна. Нийт 9000 суралцагч бий. Хятад, араб, япон, орос хэлний анги хамгийн олон оюутантай. Сүүлийн жилүүдэд солонгос хэл суралцагчдын тоо нэмэгдэж байна.

-Танай сургуулийг сонгож суралцсаны онцлог, давуу тал юу вэ?

-Манай сургууль одоо долоон өөр салбартай. Их, дээд сургуулийн хамтын байгууллагыг байгуулсан. Гадаад харилцааны туршлага ихтэй. Хамгийн гол нь манай оюутнууд хаашаа очиж чадах вэ, манай дипломыг үзүүлэхэд ямар боломжтой болох вэ гэдэг хамгийн чухал юм.

-Парисын хэл иргэншлийн үндэсний дээд сургуулийн ерөнхийлөгчийг улсын Ерөнхийлөгч нь томилдог гэж дуулсан. Таныг хэн томилов, хэдэн жил ажиллаж байна?

-Би 2005 оноос өнөө хүртэл зургаан жил сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. сургуулийн зөвлөл саналаа өгсний үндсэнд Францын Ерөнхийлөгч манай сургуулийн ерөнхийлөгчийг томилдог. Дөрөв, дөрвөн жилээр томилдог юм. Миний нэрийг сургуулийн зөвлөлөөс санал болгосны дагуу эхлээд Жак Ширак, дараа нь Н.Саркози намайг томилсон юм.

-Дорно дахины хэл, иргэншлийн үндэсний дээд сургуулийн ерөнхийлөгчийг улсын Ерөнхийлөгч томилдог гэхээр Франц улс хэл иргэншил, түүх соёлд онцгой анхаарал хандуулдаг юм байна гэж ойлгож болох уу?

-Манай сургуулийн онцлог энэ юм. Түүх, соёлын асуудалд Францын төр, засаг ихээхэн анхаардаг.

-Монголд буух бүртээ хамгийн түрүүнд юуг нь онцолж хардаг вэ. Монголчуудын тухайд, тэр дотроо залуучуудын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын залуучууд авьяастай, тэднээс бүтээлч, шинжлэх ухаанч байдлыг олж харж байна. Нэг үеэ бодвол зарим нь гадагшаа их явдаг болж. АНУ-ын янз бүрийн их сургуульд суралцаж, багшилдаг. Тэдэнтэй холбоо барих хэцүү байна. Монголч эрдэмтдийн нэг, академич Ш.Бира гуай саяхан Дэлхийн монголч эрдэмтдийн их хурлын тухай "Энэ миний удирдсан сүүлийн их хурал, залуучууд үргэлжлүүлнэ" гэж хэлсэн. Түүнтэй санал нэг байгаа. Би хоёр жилийн дараа тэтгэвэрт гарна. Нэг шавь маань миний суралцаагүй, шинжлээгүй их сонирхолтой ажлаар судалгаа хийж байна. Тэтгэвэртээ гарахаараа шавьдаа ажлаа хүлээлгэж өгнө.

онголын талаар санааг тань зовоож байгаа зүйл байна уу?

-Монгол хэлэнд харийн үг их орж ирж байна. Гадаад үгсийг байнга хэрэглэдэг болж. Гадаад үг холилдохоор зарим нь үлдэж, зарим нь монголжиж, зарим нь уусч байна. Гэхдээ монгол хэл онцлогтой. Харь үг орж ирэхэд удахгүй монголчлогдож шахагддаг. Өөрийгөө хамгаалах их хүчтэй хэлний системтэй. Үүнийгээ гээхгүй байх л чухал.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top