“Эрдэнэс Тавантолгой” компанийн ОУХБ-д гаргах хувьцааг хэний гарт өгөх гээд байна вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 25


Нүүрсний  нөөцөөрөө дэлхийд дээгүүр тооцогддог Тавантолгойг хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах ажлыг АНУ-ын “Голдман Сакс” болон Германы “Дойче банк” зохион байгуулахаар болсон билээ. Гэтэл  энэ  хариуцлагатай ажлыг гүйцэтгэх банкуудын хууль бус үйлдэл,  ажилтнууд нь  удаа дараалан томоохон гэмт хэрэгт холбогдож эхэлсэн нь эдгээр банкийг хэр найдвартай түнш вэ гэдгийг  илэрхийлж байна.  Гэтэл манай эрх баригчид дээрх  банкуудаар  Тавантолгойн ордыг дэлхийн хөрөнгө оруулагчдад таниулах ажлыг гүйцэтгүүлэхээр болсон нь олон хүнийг гайхшруулж байна.  Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах ажил бэлтгэл шатандаа явж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлээд байгаа билээ. 
 Өмнө нь “Голдман Сакс” банкны ТУЗ-ийн гишүүн байсан Ражат Гупта орлогын нууц мэдээллийг бусдад дамжуулсан хэрэгт буруутгагдаж байсан бол саяхан энэ банкны программист асан Сергей Алияниковын хэрэг илэрчээ. Тэрбээр “Голдман Сакс”-д ажиллаж байхдаа банкныхаа компьютерийн нууц кодуудыг хулгайлсан нь тогтоогдож, Холбооны шүүхээс найман жилийн ял сонссон байна. Сергей Алияников нууц кодуудыг өндөр хурдны худалдааны систем зохиоход ашиглахаар төлөвлөж байсан гэж Холбооны шүүхээс  мэдэгдээд байна.  Тэрээр  “Голдман Сакс”-д хоёр жилийн хугацаанд ажиллахдаа банкны ертөнцөд нэрд гарсан программистуудын нэг болж чадсан төдийгүй нууц   кодуудыг шинэ ажил олгогчтойгоо хамтран ашиглахаар төлөвлөж байсан аж.   АНУ-ын Холбооны шүүх  түүний энэ ажиллагааг шуналын сэдэлтэй төдийгүй  ажил олгогчоо хэт дорд үзсэн явдал гэж үзэж байгаа юм байна.
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top