Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар анхан шатны шүүхээс ял сонсон Ганц худагт заларч, Монголдоо хамгийн том, онцгой эрх бүхий энэ айл эзэнгүйрэв. Дарга, дэд дарга хоёроос нь өөр хэн ч энэ байгууллагыг толгойлох боломжгүйгээр хуульчилж орхисон болохоор УИХ-ын хаврын чуулганаар шинэ дарга томилогдохыг хүлээхээс өөр замгүй болж байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гэхээр өнөөх 76 нь мөддөө цуглах янзгүй. Зарим нэг улс төрчид АТГ-ын удирдлагуудыг яллаж, шоронд суулгасан нь шүүгчдийн увайгүй үйлдэл гэх өнгө аястай үг унагаж эхэллээ. Өөрөөр хэлбэл тэд ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байна. Уг нь бүтэн жил гаруйн өмнөөс Ч.Сангарагчаа тэргүүтний бүрэн эрхийг түдгэлзүүлж, орных нь хүнийг түр томилж байгаад асуудлыг шийдэх гэж прокурорууд хэд хэдэн удаа УИХ-д хандсан. Гэвч УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд бараг бүгдээрээ шахуу гох дэгээ тавьсаар ийм байдалд хүрчээ. Эцсийн дүнд гэм буруутнуудыг шүүн тасалсан шүүгчдийн алдаа мэтээр тийнхүү ярьж байгааг эрүүл саруул ухаанаар яаж ч тунгааж бодоод ойлгоход бас төвөгтэй болж байна. Томоос том хоточ нохойтой эзэнгүй айл бүү хэл , дохиоллоор хамгаалуулсан байгууллага ч наанадаж хулгайчид хамаг байдгаа тонуулах нь энүүхэнд өнөө цагт авлигын ямар аймаар гэмт үйлдлүүд булшлагдан үлдэхийг бүү мэд. УИХ-ын чуулган завсарласан сиймхийгээр шүүх хурал хийсэнд гайхах хүн ч бас цөөнгүй. Гүйцэтгэх албаны хууль зөрчсөн, ажилтнуудаа тагнаж чагнасан энэ гурван даргад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1, 111.2, 133.1, 263.2, 273.2 гэсэн зүйл ангиудаар яллах дүгнэлтийг улсын яллагчаас оруулж шүүх ажиллагааг хаалттай явуулсан юм. Ө.Алтангадас нь хэдийгээр даргын үүргийн дагуу ажилласан гэх боловч мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын өрөөнд 10 гаруй хоног чагнах төхөөрөмж байрлуулж байсан нь баримтаар нотлогдсон. Э.Амарбат ч бас Онцгой байдлын сайд асан Отгонбаярын өмгөөлөгч бүсгүйтэй орооцолдон “Хүчингийн хэрэг үйлдэхийг завдагч” болоод авсан түүхтэй. Ч.Сангарагчаагийн хувьд хуучин хамт ажиллаж байсан хүмүүсээс нь АТГ-ын ажлыг өөд татахын оронд шалдар булдар юмаар хөөцөлдөж явдаг, ажилтнууддаа халгаатай хүн хэмээн шүүмжилж, өөрт нь энэ тухай албан захидлаар уламжилж байсан гэдэг. Харамсалтай нь тэр ажилтнуудынхаа шүүмжийг үл тоож явсаар ийнхүү ялтан болж байгаа аж. Д.Сундуйсүрэн ч мөн түүний өрөөсөн дугуй болж байсныг эх сурвалжууд нуухгүй байна. Тэд хууль бусаар бусдыг тагнаж чагнасан хэргээс эвтээхэн мултрахын тулд МАН-аас дэмжлэг авч, АН-ын зарим томчуудад сэмхэн “Биднийг хусах ажиллагаа дээрээс хийгдэж байна” ухааны юм яриад гүйж явсан сураг ч дуулдсан. Ер нь гээндээ ч, гоондоо ч гэгч болж байх шиг байна. Гэхдээ Ч.Сангарагчаа нарын эдгээр хүмүүс угаасаа авлигын эсрэг олигтой юм хийхгүй байжээ гэдэг нь одоо нэгэнт тодорхой болов бололтой. АТГ-ын анхны дарга асан Дангаасүрэн харийн нутагт амиа алдахын өмнөхөн “Энд нэг л биш хүмүүс цугларсан юм байна. Цаанаа л ёозгүй шүү. Ийм чухал газарт эрээвэр хураавар үл бүтэх хүмүүс олширвол тун тусгүй дээ” гээд санааширч суусан гэдэг. Төрийн тусгай алба, тэр дундаа бүр АТГ-т жинхэнэ шударга, хариуцлагатай хүмүүсийг томилж ажиллуулаагүйн гай ингэж л гарч байгаа аж. Нөгөөтэйгүүр улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах боломжгүй тул цөөн ганц нэг шударгадуу хүмүүс нь хадны завсар хавчуулсан халиуны зулзагын үлгэрийг санагдуулаад байна. Дангаасүрэнгийн үхлийн шалтгаан ч ойлгомжтой болоод байгаа. Хоёр нүдийг нь ухаж авсан, задлан шинжилгээний хариуг зохиомжилж хоёр өөр дүгнэлт гаргасан, хоёр хавиргыг нь хугалсан гэх мэт олон зүйлээр түүнийг захиалгат аллагад өртсөн гэж үздэг юм. Тэгвэл одоо АТГ удирдлагагүй болж “дампуурлаа” зарлаж байна. Хаанаас хэний дэглэж хийгээд байгаа зандалчлал, хорлон бусниулалт вэ? Магадгүй, албандаа хариуцлагагүй атлаа цаад эзнийхээ хорлонтой захиасыг биелүүлэхийн төлөө маш чамбай ажилладаг хэсэг бүлэг хүмүүс АТГ-т бугшаад байж мэдэх юм. Ч.Сангарагчаа тэдний нэг байхыг үгүйсгэх аргагүй.
Б.Отгонбаяр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )