Манай улс төрчдийн саалийн үнээ улам олон болсоор байгаа. Ашигт малтмалын гайгүй сайн ордууд ихэнхдээ тэдний халаасыг зузаалдаг. Соц нийгмийн үеэс тэдний дунд өвлөгдөж ирсэн томоохон “үнээ” гэвэл Эрдэнэт, МИАТ гэх мэт цөөн хэдэн л юм бий. Бусад нь цөмөөрөө зах зээлийн үед тодорсон “Саалийн үнээнүүд”. МИАТ-ыг гэхэд мөн ч олон улс төрч сааж амь зогоов. Саяхан ЗТБХБ-ын сайд Х.Баттулга МИАТ-ыг хөнгөхөн гэгч шувтраад овоо хэдэн төгрөг сожих арга сэджээ. Мань эр гэхдээ жаахан хуншгүй зан гаргаж байгаа бололтой. МИАТ компани агаарт хөөрөх олигтой онгоцгүй шахуу болчихоод байна хэмээн улиглах хэрнээ нислэгийн хугацаа дуусаагүй, засвар хийгдсэн агаарын хөлгүүдийг нисгэхгүй байгаа нь түүний шахааны энэ бизнестэй холбоотой хэмээн учир мэдэх хүмүүс халаглаж сууна. Х.Баттулга өөрт хожоотой наймаа хийхийн тулд 10 гаруй жил ашиглах Аэробусыг 10 сая орчим доллараар ачааных болгож зориулалтыг өөрчлөхөөр улайрчээ. Энэ нь дахиад 10 гаруй жил агаарт нисэх онгоц худалдан авахтай тэнцэх хэмжээний мөнгө юм байна. Агаарт хөөрөх онгоц дутаад онгоц нэмж авах гэв үү гэтэл үгүй аж. Боломжийн онгоц байсаар байтал заавал үйлдвэрлэхээ больчихсон “Боинг-767” онгоц авна гээд зүтгээд байгаа нь “Үнээ”-гээ саах гэсэн санаа гэдэг нь хэнд ч тодорхой болжээ. Хүний шуналд хэмжээ хязгаар гэж байдаггүй юм байна. Уг нь Х.Баттулга төсвийн мөнгөнөөс хусахгүй ажиллаж болмоорсон. Түүнд “Талх чихэр”, “Мах импекс”-ээс нь гадна 40 гаруй том жижиг компани бий дээ. МИАТ-ын удирдлагууд Япон руу 5 сая доллар гуйвуулсан хэргээр цагдаад шалгагдаж л байгаа. Гэтэл мань эр бас МИАТ-аар тоглох гээд алга нь загатгаад сууж байх юм.
Тэгвэл Батлан хамгаалахын сайд Лу.Болд ч бас төсвийн мөнгөөр жуулчны бааз худалдаж авах гээд бүтэлгүйтжээ. УИХ-ын намрын чуулганаар “Би огцорход бэлэн байна” гэж сүрдүүлсээр яамныхаа төсвийг ахиухан батлуулж авмагцаа жуулчны бааз сонирхож эхэлсэн байна. Яамныхаа төсвийн мөнгөөр хоёрын хоёр жуулчны баазтай болчихвол дараа нь өөрийнх болгох амархан гэж тэр боджээ. Ингээд УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн Өвөрхангай дахь жуулчны баазыг 400 саяар, А.Муратын Баян-Өлзгий дэх жуулчны баазыг 300 саяар авах тухай ярьж тохирсон байв. Гай болоход түүний энэ санаа яамны ажилтнуудынх дунд задарч мань хүн наймаагаа түр хойш тавив бололтой.
Б.Отгонбаяр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )