Өчигдөр Монголын хоёр бизнесменийн захиалгаар “Mercedes-Benz Zetros 2733 A 6x6” автомашиныг үйлдвэрлэсэн тухай http://finchannel.com болон бусад гадаадын сайтуудаар мэдээлж байна. Энэ талаар бензийн өөрийнх нь албан ёсны сайтад ч тавигджээ.
Аялал, ан авд зориулсан зургаан цилиндр, 326 морины хүчтэй энэхүү супер тоноглолтой автомашин 1 тэрбум гаруй төгрөг буюу сая долларын үнэтэй юм байна. Доторхи тохижилтын хувьд зүгээр л тасарчиж. Унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөөтэй, шалнаасаа хална. Мөн 46 инчийн дэлгэц, Wi-Fi, Hi-Fi саунд систем, хиймэл дагуулын антенн гээд байхгүй зүйл үгүй ажээ. Нэгэнт ан авд зориулсан автомашин учраас байж болох хамгийн их, бага хурдаар явна, хөргөгч, баар, кофены машин, грилл, найман хүн сууж хооллох ширээтэй гээд энэ машины тансаг тоноглолыг тоочоод баршгүй. Ирэх сард Монголд орж ирэх машины эзэн одоогоор тодорхойгүй байна. Ер нь эзэн байгаа эсэх нь тодорхойгүй байна. Харин энэхүү мэдээлэл нь Монголын ан авд хорхойтой, цээж өвчтэй шинэ баячууд, олигархуудад зориулсан сурталчилгааны Пи Ар байсан бололтой. Бензийн өгөөш эзнээ олж, өчигдөр л гэхэд Бензийн албан ёсны борлуулагч “Монголиан Стар Мелшерс” компанид Монголын томоохон таван компанийн босс өөрийн биеэр болон төлөөний хүнээрээ дамжуулж уулзаж, энэхүү машины талаар мэдээлэл авчээ. Бодвол хэн нэгнээс хоцрохгүй гэсэндээ тэр биз. Машин тэрэг, гар утас, хувцас хэрэглэл, байшин саваараа уралддаг Америк “дампуурал” талын Монголыг ийнхүү нэг мөр байлдан дагуулсныг сая долларын үнэтэй Бенз машин нотлон харууллаа.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )