Мах

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 30

Бидний төлөө үргэлж санаа зовж явдаг иргэний хөдөлгөөнийхөн маань яруу алдарт жагсаалаа эхлүүллээ. Өмнөх хоёр сарын алдагдлаа нөхөхөөр үнээ огцом нэмсэн нефть импортлогчид энэ удаа тэмцлийн гал асаав. Нэмэрт нь махны үнэ өсч, нийслэл нөөцийн махаа гаргаад ч тусыг эс олон дарин дээр нь давс нэмчихжээ.

Хүчирхийлэл хийхийг ер нь л хүсэхгүй байгаагаа байн байн ярих тэмцэгчид үнийн хөөрөгдөл ард иргэдийг идэр есийн жаварт ч Сүхийн талбайд цуглуулж, төр эргүүлэх хүслийг нь гүйцэлдүүлнэ хэмээн найдна.

Хөндлөнгийн хүн хэлэхээс нааш зовж зүдэрч яваагаа мэдэрдэггүй хэнэггүй монголчууд махны үнэ нэмэгдэхэд харин тун дургүй. Жилийн жилд махны үнэ байнга нэмэгдэж ирсэн ч бидний хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Багцаагаар 350 мянга орчим ууц айлын ширээ чимж, махны хэрэгцээ ид өсөх үеэр үнэ нь өсч байгаа нь тэмцэгчдэд үнэхээр том завшаан билээ.

Mанай гаригийн 179 орны, 7 тэрбум хүн жилдээ 250.9 сая тонн мах хэрэглэдэг, үүний 28.6 хувийг иддэг хятадууд нэгдүгээрт жагсаж байна. Ард нь зогсож байгаа АНУ, Герман, Бразил, орос, мексик, Франц, Энэтхэг, Япон, Итали зэрэг махны хэрэглээ ихтэй орнууд нийлээд бүх махны 66 хувийг зооглодог. Харин өөрсдийгөө чононоос дутуугүй махчин гэж боддог монголчууд нэг хүнд ноогдох малын тоогоор аравдугаарт бичигддэг, нэг хүнд оногдох махны жилийн дундаж хэрэглээгээрээ 11 дүгээрт явна.

Энэ бүх тоог Eurasia Capital Management болон Eurasia Capital Mongolia байгууллагаас хийсэн судалгаанаас харж болно. Улс орны хөгжлийг иргэдийнх нь жилд идэж байгаа махны хэмжээгээр тодорхойлох нь ч бий. Энэ жишгээр бол Дани нэгдүгээрт, араас нь Шинэ Зеланд, Люксембург, Кипр тэгээд АНУ зогсож байна.

Аль ч үндэстэн гал тогооны соёл, уламжлалаасаа төдийлөн шалтгаалахгүйгээр болж л өгвөл махтай хоол идэхийг илүүд үздэг ажээ. Цагаан хоолноос өөр юм хоолойгоор нь давдаггүй байх гэж бидний боддог энэтхэгчүүд жилд иддэг махаараа хоёрдугаарт орж байна.

Oлны олон таван цэн гэдэг энэ. Мах ба ханш Улс орон бүрийн үндэсний валютын ханшид нь нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ гэж бий. Tэдгээр жагсаалтыг ашиглан Хэрэглээний үнийн Гэрэл зургийг Ү.Одбаяр индексийг гаргадаг тусгай томъёотой. Mонголчуудын Хэрэглээний үнийн индекс төгрөгийн ханшийг тодорхойлно. манай хувьд махны үнэ өсөх хэрээр төгрөгийн худалдан авах чадвар буурч, инфляци нэмэгдэнэ.

Нийт 12 салбарын 326 төрөл зүйлийн бараа, үйлчилгээний жагсаалтаар монголчуудын хэрэглээг тодорхойлдгийн дотор мах жин илүү дардаг аж. Хэрэглээний үнийн индексийн савлагааны 30 хувийг мах дангаараа хөдөлгөдөг. Иймээс төгрөгийн ханшийг барихын тулд “Нөөцийн мах” гэдэг зүйл бодож олжээ. Зах зээлийн жамаараа мах үнэд орвол засаг төр хямдаар бэлтгүүлж, хадгалуулсан махаа борлуулж махны үнийг цаашлаад төгрөгийн ханшийг барьж, хүмүүсийг жавар тачигнасан Сүхийн талбайд жагсах ажлаас чөлөөлөх учиртай юм.

Mахны үнээс үүдэлтэй төгрөгийн ханшийг Mонгол банк тогтоох гэж тэмцэж буй арга нь нэг л гажигтай. Tэднийг төгрөгийн ханшийг барьсангүй гэж зэмлэх улс төрчид ард түмний өмнө нигүүлсэнгүй царайтай. Энэ хоёр хоёулаа буруу гэж хашгирах тэмцэгчид баатарлаг төрхтэй. Инфляци өсөхөөр монголбанк бодлогын хүүгээ нэмэх замаар ард түмний хэрэглээг хумих гэж оролддог.

Үнэндээ бол энэ алхам усны ган нь цоорчихоор нүхийг гагнахын орондтүгээх хоолойгоо нарийсгаад байгаатайэгээ адил тэнэглэл. Tөгрөгийн инфляцимахнаас шалтгаалж байгааг нь мэдсээр атал Mонголбанкийг ийм алхамруу шахдаг улс төрчид харин хүрдцээжлүүлсэн ч хуруугаараа тоо бодоод байгаа хүүхэд шиг харагдана.

Tүмний зовлонгоор далимдуулан эрх мэдэлд санаархах тэмцэгчид зуднаар цадах боохой мэт санагдана. Үйлдвэрчний эвлэл хоолой шахан орилох нь бүр гутамшигтай. Гэхдээ менежмент муутай байгууллагад үйлдвэрчний эвлэл байгуулагддаг жишгээр бодвол махны асуудлаа шийдэж чадахгүй яваа малчдын эх оронд энэ үзэгдэл хэр юм биз ээ.

 Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын тоо 36005.8 мянган толгойд хүрч, 2010 оныхоос 3276.3 мянга буюу 10.0 хувиар өсчээ. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой 2093.0 мянга, үхэр 2315.1 мянга, тэмээ 279.6 мянга, хонь 15509.1 мянга, ямаа 15809.0 мянгад хүрч, 2010 оныхоос адуу 172.7 мянга, үхэр 139.1 мянга, тэмээ 10.0 мянга, хонь 1028.7 мянга, ямаа 1925.8 мянган толгойгоор тус тус өссөн байна.

Хараал идсэн ченж

Зах зээлд орох үед гадаад валют зардагбайсан улсаас үүдэлтэй “ченж” хэмээх мэргэжил өдгөө худалдааны бүх салбарт бий болжээ. Уул нь, нэгээс аваад нөгөөд нь дамжуулан зардаг хүмүүсийг“дамчин” гэх учиртай ч хуучин нийгэмд энэ нэршил доромжлол байлаа.

Дамжуулан зарагчид ардчиллаар англи нэр аваад ч нийгмээс өөдтэй үг сонссон нь үгүй. Mахны үнэ өсөх тоолонгоор ченжүүдийн хэтэвч мөнгөөр, харин гэдэс нь хараалаар дүүрдэг байх. Урьд бид 1930-аад онд зөвлөлтүүдийн буй болгосон худалдаа бэлтгэлийн нэгдсэн системээр махаа бэлтгэдэг байлаа.

 Бүх зүйл хатуу тогтоосон график, төлөвлөгөөгөөр явагдана. Социализмын үед махны үнэ огтоос хөдлөхгүй боловч нүдэнд харагдах нь ховор. Жилд бэлтгэсэн махныхаа ихэнхийг Зөвлөлт рүү экспортлоод өөрсдөө 60 мянга орчим тонн мах хэрэглэдэг байсныг энэ салбарт насаараа ажилласан M.Лхачинбал хуучиллаа. Махны худалдагч нийгэмдээ нөлөө бүхий нэгэн байсан цагт улаанбаатарчуудын хэрэглээнд зориулж өвөлдөө 5000 тонн мах ч нөөцөлдөг байж.

Нам засгаас жил бүр малаа 25 сая толгойд хүргэх чухал зорилт дэвшүүлдэг ч мал аж ахуйн орны иргэд мах, махан бүтээгдэхүүнээр байнга гачигдана. Нэгдэл задарсаны буянаар малын тоо гялалзтал өссөн ч мах бэлтгэлийн систем нийгэмтэйгээ хамт задарчээ.

Ардчилсан үндсэн хуулиараа малыг төрийн хамгаалалтад авсан ч монголчууд тэднийгээ алж иддэг зуршил нь өөрчлөгдсөнгүй. Tиймээс энэ хэрэгцээг нь дагаад нийлүүлэгч гарч ирэв. махны ченж. Хийдэг бизнесийнх нь талаар хэдэн зүйл олж мэдэх гэхээр хараал иддэг ченжүүд зугатах маягтай байх юм. Mонголд өдгөө ажиллаж буй 40 орчим махны үйлдвэр ч эдний гарыг хардаг аж. Гэхдээ тэднийг нийгмээрээ хараадаг.

Чухамдаа бол, өөрөө хамаг эрсдлээ үүрээд хотын хүн амыг махаар хангадаг улсыг магтахгүй юмаа гэхэд муу хэлэх тэнэг л дээ. Уулын амаар нэг тарсан малчид мөнгөний хэрэгцээ гарлаа гээд ганц хонь туугаад хот орвол ямаан дээрээ тэмээний гарзтай.

Гэтэл өөрийнхөө зардлаар хотонд нь бэлэн мөнгөтэйгөө ирээд малыг нь авч тус болдог ченжүүдэд малчид хүртэл ам муутай. Хэдэн сараар айл айлаар орж ганц нэгээр нь цуглуулсан малаа нядалж янзлаад лангуун дээр хүссэн зоргоор нь дэлгэсэн байхад худалдан авагчид бүр их үзэн ядна.

Гэхдээ тэд иймхэн юманд шантрах улс биш. Амьдралаа залгуулах энэ аргаа улам бүр нарийсган өөр өөрийн систем бүрдүүлжээ. Үүний ачаар бид хэтэвчнийхээ хэмжээгээр мах зооглодог.

Нөлөөтэй малчид

Хотын хүн ам өдөр өдрөөр өсч байдаг бол малчин өрхийн тоо жил жилд нэмэгдсэн дүнг монгол улсын статистикийн эмхтгэлээс харж болно. 2004 онд 169 024 байсан мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг айл 2008 онд 171 124 хүрчээ. Гэхдээ хойтон жил нь тохиосон зуднаар 1 000 орчмоор хорогдож, 2010 он гэхэдбүр 10 мянгаар шахам буурчээ.

Mал хувьчилсанаас хойш малчин өрхийн тооөссөн боловч үйлдвэрлэлийн бүтээмж нь шальтай нэмэгдээгүй гэж А.Бакей,Б.Чимид-осор нарын “малчин өрхийн амьжиргаа: Нөлөөлөх хүчин зүйлс,дээшлүүлэх арга” илтгэлд дурьдсан байна. Хувийнх нь бизнес дампуурахаар төрөөс дэмжлэг авдаг малчид азтай улс.

Бас нядалсан малынхаа ихэнхийг өөрсдөө идчихдэг ховдог хүмүүс.монголын махны жилийн хэрэглээний80 хувийг Yлаанбаатарчууд, 20 хувийг бусад суурин хэрэглэдэг бол малчид 90 хувийг нь хүртдэг байна. Үүнийг монголын махны холбооны гүйцэтгэх захирал M.Лхачинбал ч баталсан юм.Mалчин махаа иддэг нь буруу бус харин хүнсний хэрэглээ нь хязгаарлагдмал байгаа явдал.

Энэ жил махны үнэ нэмэгдсэн шалтгааныг хэд хэдэн ченж малчдаа сүүдэлтэй гэж баталлаа. Хотноос зарагдах малын үнэ өмнөх жилийнхээс 20 хувь орчим өссөн гэнэ. Жилийн турш ихэнх нь жигд орлогогүй явдаг малчид тав, арван нэгдүгээр саруудад л мөнгө хийдэг аж.

Mалчид орлогынхоо 89хувийг ахуйн хэрэглээндээ, үлдсэн 11хувийг л ган зудыг давахад зарцуулдгийг“малчин өрхийн амьжиргаа: Нөлөөлөх хүчин зүйлс, дээшлүүлэх арга” илтгэл харуулжээ. Ерээд онд гурил, будаагаар малаа сольдог байсан малчид шинэ зууны эхээр бэлэн мөнгийг илүүд үзэх болж улмаар наад захын ахуйн хэрэгцээ нь хангагдаад иржээ.

Харин гаднаа тавганантенн, салхин генератор, машин унаатай малчинд мөнгө чухал болж малынхаа үнийг нэмсэн бололтой. Mөн малын гол түүхий эдийн нэг арьс, нэхийний үнэ сүүлийн нэг жилийн дотор бараг хэлбэлзэлгүй өндөр хэвээр байлаа. 2008онд өсөөд өсөөд 4 000 төгрөг хүрсэн ямааны арьс 20 000 төгрөгийн ханштайжил тойрлоо.

Ийм мөнгө нөмөрсөн малаахэн ч хямд өгөхгүй. Mонголын арьс ширийг өндөр үнэлж буй Хятадын зах зээлийн нөлөөгөөр мал үнэд орсноор малчид хожиж, харин хэрэглэгчид гонсойв. Үүнээс өөр шалтгаан бас бий. Цөлжилт, уул уурхайн хөгжил зэргээс үүдээд бэлчээр өдөр өдрөөр тогтмол багасч байна. мэдээж үүнийг дагаад бэлчээрийн ургамал, гарц нь ч хомстож таарна. малын тоо толгой өсөөд байгаа сайхан мэдээ байвч мал маллагааны технологи огт өөрчлөгдөөгүй болохоор нэгжээс авах ашиг шим нь байнга буурах хандлагатай.

Дээр нь малчдын олонх буюу 38.8 хувь нь 200-500 малтай бөгөөд ийм тооны малаас нэг дор олноор нь зарж борлуулбал сүргийн өсөлтөд сөрөг нөлөөтэй. тэгэхээр эд нар зах зээл дээр үнэ тогтоход нөлөө үзүүлэх нь бага.

Харин малаа нэг дор харьцангүй олон тоогоор борлуулах боломжтой 21.2 хувийг эзлэх 500-1 000 малтан, 9.2 хувийг эзлэх 1 000-1 500 малтан махны үнийг тогтооно. малчдыг харанхуй бүдүүлэг гэж боддог хуучин нийгмийн үзэл өнөөдөр өөрчлөгдөөгүй боловч чухам тэд л монголын санхүү, эдийн засгийн нөлөө бүхий тоглогчид юм.

Нөлөөгүй улс төрчид


Mахны үнэ төгрөгийн ханшийг тогтоодог. Үүнийг захын улс төрч зурагтаар яриад сурчихсан. Харин тэд хэрэглэгчдийн өмнөөс махны ченжүүдийг хараахаас өөрийг хийсэн нь бараг үгүй. Адаглаад аль 2004 онд махны холбооноос санаачилсан малын биржийн асуудлыг өнгөрсөн жил нэг ярьсан ч сонгуулиар оноо алдахаас эмээж “малчидтай зөвлөх” нэрээр бас л хойшлуулчихлаа. Үнэндээ улс төрчид энэ зун хөдөө очоод мөнгө амалж, хөөрөг солилцохоос өөр юм хийхгүй.

Ямартай ч энэ онд нийт малын 1520 хувийг, 2015 он гэхэд 40 хувийг нь, 2021 онд 80 хувийг нь индексжүүлэн бүртгэхээр яриад байна. Гэхдээ малыг эзнийх нь нэрээр бүртгэхийн оронд бүсээр нь ялгана гэж байгаа нь үр дүнгүй шахам ажил. Энэ ажлаа улс төрчид малын хулгайгаас сэргийлэх мэтээр харж “мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 5.2 дахь хэсгийг үндэслэн тушаал гаргасан нь ухаан дутсан явдал.

Үнэндээ Mонгол улс малаа жил бүр тоолдог ч өнгөрсөн 70 жилийн турш амины малаа тооллогоос нууж аргалаад сурчихсан малчдын тоглоом болоод өнгөрдөг ч байж мэднэ. Ямар ч байсан энэ салбарын статистик мэдээлэл арифметик үйлдэл, олон жилийн дундаж таамгаар явж ирсэн гэдгийг олж мэдсэн юм. Нөөцийн махнаа сөөрөөр хянаж чадахгүй байгаа махны зах зээлийг огт баримт судалгаагүй төр барьж төгрөгийн ханшийг, цаашлаад Mонголчуудыг амьдралыг өөд татах нь юу л бол.

Ноолуурын үнэ дагаад жил тутам өссөн ямаагаа малчид мах бэлтгэлд өгч байгаа ч хүнсний захуудын лангуун дээр ховор харагддаг. тоож аваагүй ямааны махаа өдөр бүр бууз, хуушуур хэлбэрээр хүртдэгээ бид огт мэдэхгүй.Ер нь энэ салбарт бидний мэдэхгүй юм маш их байна. Саяхан Aмерикчууд Mонголын махны зах зээлийн талаар судалгаа хийхдээ манай хантай уулзаж аман мэдээлэл авахын оронд өөрсдөөгардан судлахыг илүүд үзжээ.

Учир юунд вэ гэвэл, манай махны зах зээлийн тоглогчид бүгд худлаа ярьдаг. Улсын чанартай бүртгэл тооцоо нь ч эргэлзээтэй болоод тэр.

Хонио хонь гэдгийг батлах хэрэгтэй


Mах экспортлоод зэсээс дутахгүй их мөнгө олчих мэтээр ярьдаг ч манай махыг Сибирийн хэдэн махны үйлдвэр гуйлгаж баймаажин консерв хийх зорилгоор л авдаг. Япон руу гаргасан жаахан адууны махаар нь муурны хоол хийдэг гэж нэгэн мах импортлогч гомдоллож байсан.

Mанайхан гадагшаа мах заръя гэхээр Hazard analysis andcritical control points буюу HACCP гэгдэх зүйл шаардана. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах долоон зүйлт энэ системийг манай мах хангатал өдий байна. Энэ бол манай махны ченжүүд олон сумаас мал цуглуулчихаад сүүлийн сумаас авилга өгөөд авдаг гарал үүслийн бичгээс огт өөр эд аж.

Гадныхан адаглаад л хониныхоо махыг хонины мах гэдгийг нь батлаадах гэж шаардана. Харваас л хонь байгаа биздээ гэдэг бидний ухаалаг хариулт тэдэндтэнэг сонстдог. Харин үүнийг батлахад мөнөөх бүртгэл нь хэрэгтэй. Гэтэлбидэнд бүртгэл нь алга. Хөдөө талаар дүүрэн мал л байна, араараа дүүрэн айтүмэн адуугаа уулын аманд хураагаад л бүрэн эсэхийг нь мэдчихдэг үлгэртэй,бид. Ганц үхрээ мангасаас харамлаад төрсөн үрээрээ сольдог суртахуунтай,бид гэвч амиа тавьж өсгөсөн хонио хонь гэж баталж чадахгүй л явна.

Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top