ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ДЭМЖИГДЭВ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 31



Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болж, 14,2 сая ам.долларын өртөг бүхий Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг эхний ээлжинд 3 хүртэл жилийн хугацаатайгаар дотоодын арилжааны банкуудаас зээл авч бүрдүүлэн, дараа нь улсын төсвөөс эргүүлэн төлөх асуудлыг дэмжлээ. 
Энэхүү төсөл хэрэгжүүлсэнээр Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц системийг нэвтрүүлж, ҮЦЗЗ-ийн эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрч, хөрөнгө оруулагчид МХБ-ийн өндөр хурдны арилжааны системд холбогдох нөхцөл бүрдэнэ. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлээрээ дамжуулан урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэнэ. 
Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудад түшиглэн байгуулах үндэсний компаниудын хувьцааны хяналтын багцаас дээш хувийг дотоодод арилжсанаар зах зээлд тавих хяналт сайжирч, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж, зах зээл дээрх бүтээгдэхүүний  нэр төрөл олширч, түүхий эд, валют, үүсмэл үнэт цаасны арилжаа бий болох нөхцөл бүрдэх зэргээр манай улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд онцгой нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top