Ажнайн Б.Бат-Эрдэнийн ил харагдах хөрөнгө 500 тэрбум хол давлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 04

    Монголын толгой баячуудын нэг, өмнийн говийн хүү Б.Бат-Эрдэнэ гэдэг эрхмийн хөрөнгө чинээний талаар сүүлийн үед хэвлэлүүд толгой эргэм том, том тоо бичиж байна. Эхлээд түүнийг Цэдэнбал Филатовагийн үүсгэн байгуулсан “Нүхт” цогцолборыг 8 сая доллараар авсан тухай баримт гарлаа. Энэ нь бол бодитой мэдээлэл байж. Дараа нь Монголын хамгийн том битүү зах гэгдээд байгаа “Дүнжингарав” худалдааны төвийг 40 сая доллараар авсан гэж “цуурав”. “Ажнай”-н босс дуугай л байлаа. Гэтэл “Хүмүүс” сонин дээр анд явах зориулалтаар 1 сая долларын аяллын бенз автомашин авсан гэж “матлаа”. Б.Бат-Эрдэнийг ан авд төдийлөн дурлаад байдаггүйг мэдэх нөхөд нь энэ мэдээнд ач холбогдол өгсөнгүй. Төд удалгүй түүнийг “Өнөөдөр” сонин дээр 100 сая доллараар Солонгос улсад ачааны усан онгоц худалдан авсан гэж мэдэгдлээ. Манай сайт бизнесийн ертөнцийнхний дотоод амьдралыг ил тод дэлгэхийг чармайдгийн хувьд Германд байгаа Б.Бат-Эрдэнийн эдлэн газар, үнэтэй харшийн талаар нэг “цуу” мэдээ цацаж байна. Түүнийг Германд үе, үе нисч очин аж төрдгийг мэдэх боловч тэр орд харшийг нь Монголоос үзсэн хүн ховор. Хэрвээ үнэхээр барууны боссуудын таалдаг харш бол доод тал нь 150 сая евро хүрэх аж. Бас болоогүй мань эрийг 10 сая доллараар 10 жилийн хугацаатайгаар хувийн онгоц түрээсэлсэн тухай мэдээлэл ч цацагдлаа. Гэтэл “Ажнай”-гаас үүрсэх ч чимээ алга. Энэ бүхэнд өөрөө л хариулж, цэг хатгахгүй бол цаашид хэвлэлийнхэн Б.Бат-Эрдэнээр юу ч авахуулах юм бүү мэд. Одоогийн байдлаар хэвлэлийн мэдээнээс тоймлон үзвэл Б.Бат-Эрдэнийн албан ёсны ил хөрөнгө 500 тэрбум төгрөг хол давчихаад байна.
    Р.Зоригт. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top