Өгөх хүн гэдийх ёстойг Хонконгийн боссууд нотоллоо шүү, сайд нараа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Чингисийн Монгол дахин сэрж, дэлхийн дайдад нэрээ дуурсгаж байгааг дэлхийн уул уурхайн акулууд нотлоод байсан бол Хонконгийн хөрөнгийн биржийн нэгдүгээр хүн ирж хичээл заасан явдал нь хамгийн том үйл явдал боллоо.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг дэлхийн зах зээл дээр гаргахад бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон биржийг сонгож таарна. Одоогоор Монголын хөрөнгийн биржийн шинэчлэлтийг 14.2 сая доллараар хийхээр гэрээ байгуулаад байгаа Лондонгийн хөрөнгийн биржид манай томчууд илт “сээтэн хаяад” эхэлсэн. Энэ сургаар дэлхийд тэргүүлэгч  Хонконгийн хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Рональд Аркулли албатуудынхаа хамт 4-р сарын 4-нд сэтгүүлчдэд “Хөрөнгийн биржид бүртгүүлэх нь” сэдэвт  танилцуулга хийлээ. Тэд өөрсдийгөө туршлагын далай хэмээн магтана лээ. Үнэхээр ч тийм биз. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн энэ том акул урьд нь биднийг нэг нүдээр тоож хардаггүй том гар байлаа. Ямар сайндаа Олон овоотын алтны уурхайнхаа хувьцааг Хонгконгийн хөрөнгийн биржид гаргах хэдэн жил шар махтайгаа хатсан Ц.Мянганбаяр “Туслахтай нь ч уулзаж чадсангүй” гэсээр гэртээ ирж, өрөндөө Олон овоотоо алдаж байхав. Энэ мэт олон жишээ бий. Тэдэнтэй арай ойртож, ойлголцдог нь О.Чулуунбат гэх юм билээ. Харин цаг цагаараа байдаггүйн жамаар нөгөө том хөрөнгийн зах зээлийн од өөрөө ирж бадар барих шив. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр, бидний хөрөнгөнд шунасан гадныханд юу юугүй битгий “өврөө нээгээд” бай сайдууд аа, гишүүд ээ. Бас айлчлал нэрийн доор гүйж очоод байхаа багасга. Өөрсдөө гуйгаад л ирж байгааг бэлхнээ харлаа. Ер нь авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг нь Монголын биш хорвоогийн жам юмаа хө. Тэднийг өрсөлдүүлэх хэрэгтэй байна. Хоорондоо уралцаад, алалцаад хамгийн сайн нөхцөл амласантай нь хамтрах ёстой гэдгийг Хонконгийн боссууд дахин нотоллоо шүү.
Харин цаг үеийн энэ том завшааныг ашиглаад Таван Толгой төдийгүй бусад орд газрууд, томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ хувьцааг Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах хэлцлийг төр засгийн өндөр албан тушаалтнууд тусгай хөтөлбөр болгон хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажилламаар байгаа юм.
Хонконгийн хөрөнгийн биржид хамгийн сүүлд гэхэд л “AlA group ”, “Sands China”, “Rusal”, “Wynn Macau”, “Vale S.A” зэрэг дэлхийн томоохон компаниудаас гадна Монголын “Mongolian mining corporation” компани хувьцаагаа гаргаад байна. Тус биржид 2-р сарын 28-ны байдлаар 1421 компани бүртгэгдэж, 2.7 их наяд ам. долларын  зах зээлийн үнэлгээ хийгдсэнээс харахад ямар том “амьтан” бэ гэдэг нь тодорхой байна.
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top