МАК-ийн Н.Номтойбаяр Дорнодыг мөнгөөр ”зодож”, Жанлав ноёнтой түнжин хагарав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10


Нэгэн үе баян эцгийнхээ чихийг халууцуулж архи дарс, хүүхэн шуухан, цагдаа шүүх гээд л болохгүй бүхэнд нэр холбогдож хэвлэлийн хуудаснаа алдраа дуурсгасан Монголын алтны магнат Т.Нямтайширийн хүү Номтойбаяр гэнэт ухаажиж төрийн жолоо атгалцахаар улс төрчийн  анхан шатны дамжаагаар НАМЗХ-г сонгож байсан нь саяхан. Урьдын явдал ч дүүрч, өнөөдрөөс ард түмэнд зөвөөр танигдвал ямар нэг зөөлөн суудалд урин суулгана хэмээн тооцоолж хэд хэдэн сонин сайтаар өөрийгөө хэсэг дөвийлгөв. Америкт суралцаж байхдаа 1000 оюутны хоолны шавхруутай аяга угааж 3 сар ажиллаж олсон мөнгө маань хамгийн үнэтэй байлаа гэж ярьжээ. Алтны магнат эцэг нь ганц хүүгээ  аяга угаалгаж сургах гэж алс холын Америк явуулаагүй л байлтай. Ямартай ч түүний тухай өмнөхөө бодвол арай гайгүй мэдээллүүд цуврах болсон нь мань эр 2012 оны сонгуулийн Пи Араа хийж байгаа бололтой. “МАК” компаний өв залгамжлагчийн улс төрийн карьер гэрлийн хурдаар урагшилж байгааг бид бэлхнээ харж байгаа. МАН-ын бага хурлын гишүүний хажуугаар НАМЗБ-ын тэргүүлэгч гишүүн болсон тэрбээр Дорнод аймгийг хариуцахаар өөрөө сонгож авчээ. Учир нь тэнд алтны магнат эцгийнх нь нэгэн том бизнес Адуунчулууны уурхай дээр чухам л цэцэглэж байна. УИХ–ын гишүүн Ц.Шинэбаяраас салгаж дөнгөсөн нүүрсний ордоо түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар  ханцуй шамлан орсон “МАК” компанийн удам дамжсан баян залуу маань Дорнодод үл хөдлөх хөрөнгө, барилга байшин худалдаж авч эхэлжээ. Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав Адуунчулууны уурхайг “МАК” компанийх болгоход багагүй хүчин зүтгэсэн нэгэн. Өөрийн гэсэн телевиз, Бөхийн өргөөний том цогцолбор, сонин, FM радио, барилга угсралт, барилгын үйлдвэрийн хэд хэдэн компанитай Дорнодын толгой баяны нэг, засаг дарга Жанлавын бизнес сүүлийн үед муудаж өр ширэнд орох болсон тухай шивэр авир дуулдах болсоор удлаа.  Дорнодод бөөн мөнгөтэй ирсэн Н.Номтойбаяр МАН гэсэн нэгэн дээвэр дор хамтран зүтгэж байгаа ч цаагуураа Засаг даргын байшин барилгыг сэм худалдан аваад байгаа гэнэ. ТВ-6 телевизийг 300 саяар, Бөхийн өргөөний цогцолборыг 1 тэрбум орчим төгрөгөөр, аймгийн төвд баригдаж байгаа халуун усны газрыг 30 саяар худалдан авч өөрийн болгосон тухай “Сэрүүлэг” сонинд мэдээлжээ. Одоогоор үй зайгүй  байгаа ч тэд ирэх сонгуулд өрсөлдөгч болох нь тодорхой тул Засаг дарга, алтны магнатын хүү хоёрын  хагарал яаж эхлэх нь Дорнодынхны чихийг дэлдийлгэх сонин болоод байна. Саяхан аймгийн телевизээр Номтойбаярыг муулсан мэдээлэл гарсан бөгөөд захиалагч нь Засаг дарга гэх яриа аймгийн төвөөр шивэр авир яригдах болж. Харин алтны магнатын хүү энэ бүхнийг үл харгалзан аймгийнхаа МАН-ын хороотой улам бүр найзархах болсон байна. Хөгшин залуу хоёрын зөрчил хэзээ ил гарч, Дорнодын талд бөмбөг дэлбэлэх юм бол доо.
Д.Сэндэр Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top