Монголын хөрөнгийн зах зээлд шинэ шатанд гарах үйл явдал өчигдөр тохиолоо. Эртнээс яригдсан ажил биеллээ олж Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх ажлын мастер гэрээнд Төрийн өмчит “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Английн талаас “Лондонгийн хөрөнгийн бирж” группын гүйцэтгэх захирал Савиер Ролет нар гарын үсэг зурав. Гэрээнд тусгасан ажлын төлбөр болох 14.2 сая ам.долларыг Монголын тал Лондонгийн биржид төлнө. Энэхүү гэрээг “Master Services Agreement” хэмээн нэрлэжээ. Гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Ерөнхий сайд С.Батболд, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, дэд захирал Х.Алтай, Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулган, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Т.Гандулам зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй албан тушаалтнууд багтсан бол Английн талаас Монголд суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Хатагтай Линн Фалконер ирсэн юм.
Ерөнхий сайд С.Батболд Монголын толгой бизнесменийн хувьд улс төрд орсон цагаасаа эхлэн бизнесийн салбарыг дээш нь гаргахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой гэсэн байр суурийг хэдийнээс баримталсаар ирсэн. Түүний бизнест хуримтлуулсан олон жилийн туршлага, мэдээлэл өдгөө Монголын Хөрөнгийн биржийг шинэ шатанд гаргаж буй сайшаалтай. Мастер гэрээний хүрээнд МХБиржид техник технологийн шинэчлэлт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох , менежментийг сайжруулах цогц хөтөлбөрүүд багтаж байна. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг Лондонгийн хөрөнгийн биржийн талаас томилох юм байна. Лондонгийн хөрөнгийн биржийн хувьд дэлхийн хамгийн ахмад хөрөнгийн бирж бөгөөд уул уурхайн салбарт хөрөнгө босгох арвин туршлагатай. Лондонгийн хөрөнгийн биржид өдгөө дэлхийн 70 гаруй улсын 2600 компани бүртгэлтэй байна. Тэдний зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд ам.доллараар хэмжигдиж байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Манай улсаас “Петро матад” компани Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргажээ. Тус бирж Канадын Торонтогийн биржийг эзэмшдэг “ТМХ” группыг худалдаж авах гэж байгаа тухай мэдээлэл дэлхий нийтэд хүчтэй тархаж байгаа. Хэрвээ энэ хэлэлцээр амжилттай болбол Монголын хөрөнгийн биржид ч амжилт авчрах юм. Англиар дамжин Торонтогийн хөрөнгийн биржид Монголын компаниуд түвэггүй хүрнэ гэсэн үг. Ийнхүү Лондонгийн хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж зэрэг дэлхийн мөнгөний уурхайнуудын босгыг Монгол улс давж чадлаа.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )