Хайр - Харууслын ялгааг ухаарцгаая, охидоо!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Хавар цаг айсуй. Улирлаа дагаад ч тэр үү охид бүсгүйчүүд нимгэн ганган хувцсаа өмсөж хотын гудамжаар гунхан алхахад нүдээ хужирлах эрчүүд хашлага даван унах нь энүүхэнд.  Удахгүй оюутан, сурагчдын хонхны баяр, үдэшлэг, амралт зугаалга гээд зуны “зургаан” сар эхлэх нь. Хонхны баяраар өмсөх дээл хувцас, монтаж, сургуульдаа бэлэг, нийллэгний мөнгө гэхчилэн  эцэг эхээсээ татах мөнгөний тоо оргилдоо хүрэх үе. Жил жилийн хавар тохиодог энэ бүх тэмдэглэлт үйл явдал, хайр дурлал, зугаа цэнгэлийн эцсийн үр дүн нь хүсээгүй жирэмслэлтээр дуусах болсон нь эмгэнэлтэй. Намрын сэрүү татаж байгаль дэлхий ч өнгөө хувиргах тэр цагаар хувийн эмнэлгүүдийн үүдэнд үр хөндүүлэх гэсэн охид бүсгүйчүүд, оюутан залуусын дараалал үүсэх болсоор нэлээд хэдэн жилийг үдлээ. Сүүлийн хэдэн жилийн ажиглалтаар үр хөндөлт улирлын чанартай ихсэх боллоо гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн өгүүлсэн байх юм.  Эмэгтэй хүн жирэмсэн болохыг “хүүхэд олох” ба ‘гоол алдах” гэж хоёр янзаар нэрлэх болж. Хэрэв “Хүүхэд олсон” бол эмэгтэйн нүүрэнд аз жаргалтай инээмсэглэл  тодорно. Эх болох хүсэл нь биелжээ.  Харин “Гоол алдсан” үед эсрэгээрээ гунил гутралд автаж,  жирэмсний тестийн хоёр зураасыг нулимстай нүдээр гүйлгэн харж, өөрийгөө зүхнэ. Тэгээд сайн найзтайгаа хаана яаж хямдхан үр хөндүүлж болох талаар зөвлөж эхэлнэ. Үүнээс нэг зүйлийн тухай онож хэлсэн хоёр үгний логик ойлгогдож байна.


     Манай улсад 1100 орчим хувийн эмнэлэг байдгаас тэргүүн эгнээнд эмэгтэйчүүдийн эмнэлэг жагсаж байна. Нийслэл хотод маань хувийн 120-иод эмнэлэг бий. Эдний дийлэнх нь албан байгууллага, орон сууцны голдуу нэг өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмнэлэг гэхэд хэцүү ийм газруудыг “Заазын газар” гэж нэрлэвэл илүү тохирно. Хамгийн гол нь ийм газруудад үр хөндөлт хийх эмнэлгийн шаардлага хангасан гэж зөвшөөрөл олгодог нь хачирхалтай. Эмэгтэйчүүдийн өвчний талаар хэд хэдэн төрлийн тусламж үзүүлнэ гэж “меню” гаргасан ч ашиг орлого өндөртэй, хамгийн эрэлт хэрэгцээтэй нь үр хөндөлтийн “үйлчилгээ”. Үр хөндөлт гэж мэргэжлийн хэлээр зөөллөж хэлж байгаа ч  угтаа бол аллага үйлдэж байгаа хэрэг. Үр хөндөлт бол маш ашигтай бизнес. Хорвоог харах хувьгүй хөөрхий үрсийг 10 минутанд цааш нь харуулсныхаа төлөө сайхь “мэргэжилтэн” 35-150 мянган төгрөг авна. Араас хэрэглэх эм тариаг нь бас өөрсдөөс нь авахыг “нөхөрсгөөр” сануулна. Нээрээ үүгээр л хийлгэсэн юм чинь энд нь дуусгачихъя гэж охид бүсгүйчүүд маань шийднэ. Ирээдүйн ээж  та хэвлий дэх үрээ эмчийн тусламжтайгаар яаж хөнөөж байгаагаа одоо хар.
-Ураг эхийнхээ хэвлийд 4-5 долоо хоногтой байхад нь соруулж авахуулах бол хамгийн энэрэнгүй үр хөндөлт. Энэрэнгүй гэсний учир нь энэ үед урагт өвдөх мэдрэмж үүсээгүй байдаг. Мөн эхийн хувьд ч эрсдэл бага.
-Ураг 12 долоо хоногтой болсон үеийн үр хөндөлт. Энэ хугацаанд ургийн толгой томорч , савны хүзүүн сувгаар гарах боломжгүй болсон байх тул хавчуургаар таслаж авна. Авахуулж байгаа хүүхдийн хүйс тодорхой болсон байна. Судалгаанаас харахад эмэгтэйчүүд ихэвчлэн 8-12 долоо хоногтой байхдаа үр хөндүүлэх гэж ирдэг ажээ.
-Ураг 16 долоо хоногтой болжээ. Энэ үед Америк болон бусад оронд давсаар хордуулж, үр хөндөх нь бий. Эхэд нь өвдөх мэдрэмж төрүүлэхгүйгээр 16 долоо хоногтой хүүхдийг аажим “алах” шаардлагатай болдог. Мэс ажилбар цаг гаруй хугацаанд явагдах бөгөөд хүүхдийн арьсны салст бүрхэвч түлэгдэж нэг цаг орчим тарчилсны эцэст  буцлам усанд түлэгдсэн мэт хурц улаан өнгийн нялзрай биеийг гаргаж хаяна. Энэ үед түүний ам аймшигтай мурчийсэн байдаг байна.

-18 долоо хоног хүрч, мэдрэл хөгжиж эхэлсэн хүүхдээ та бас л авахуулахаар шийдсэн үү.  Тэгвэл хурц үзүүртэй хайчаар түүнийг хэдэн хэсэг тасчин хуваана. Нэгэнт үхэх нь тодорхой хөөрхий хүүхдэд өвчин намдаах ямар ч эм тариа хэрэглэхгүй. Үлдцийг бүрэн арилгаж цэвэрлэх хүртэл мэс ажилбар үргэлжилдэг. Эхэд хүндрэл гарахаас сэргийлж, тасалсан бие эрхтэнийг дахин сэргээх алдаа мадаг гаргаагүйдээ итгэлтэй байхын тулд хүүхдийг тарчилгах ажиллагаа цааш үргэлжилнэ.

-Хийсвэрийн тусламжтай үр хөндөлтийг жирэмслэлтийн хожуу хугацаанд хийдэг. Эхлээд чиний хүүхдийн сар дутуу байхад нь хагалгааны тусламжтайгаар төрүүлнэ. Тэр амьд бөгөөд мэдрэл нь дээд зэргээр хөгжсөн байна. Амьдрах чадвартай ургийг эхийн хэвлийгээс гаргасны дараа хөлдөөж алах нөхцлийг бүрдүүлнэ. Түүнийг хөргөгчинд хийх эсвэл цонхны хүрээний хооронд тавихад л хангалттай байдаг аж.
Үүнийг уншсан эх хүн бүрийн нүднээс нулимс дуссан гэдэгт би эргэлзэхгүй байна. “Авахуулчихлаа” гэдэг ганцхан үгний цаана ямар аймшигттай яргалал үйлдсэнээ одоо та нар харлаа.

Домогт Алунгуа эхийн удамт сайхан Монгол охид минь бурхны бэлэг болж ирсэн үрийнхээ хувь заяаг ингэж шийдэх нь зөв байна уу. “Ээж ээ” дуудуулах хувьгүй, эхийн бүүвэйн дуугсонсох учиргүй л юм бол түүнийг хэвлийдээ яах гэж бүтээнэ гэж. Нэг шөнийн цэнгэл, ганц удаагийн алдааг тэр биш, чи биш эцсийн бүлэгт хүүхэд үүрдэг ажээ. Үр хөндүүлэх талаар Бурханч лам Г.Пүрэвбат: “Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрт будаа тогтохын адил ховор завшаан.  Тэр гайхамшигтай ховорхон хувь заяаг дураараа устгана гэдэг нүглийн дээд нүгэл шүү. Сайн хүүхэд олох уламжлалаа мэдэхгүйгээс согтуу, галзуу үед, хүсэл шуналаасаа болж үл зохилдох хүнийг олж, өөртөө зовлон хурааж байна” гэж хэлсэн байна. Өнгөрсөн онд  Улаанбаатар хотод 8214 эх үр хөндүүлсэн гэх судалгааг Эрүүл мэндийн яам гаргасан байх юм. Дэндүү инээдтэй биш гэж үү. Энэ яргалал нэг жилийн дотор хамгийн доод тал нь арав дахин илүү үйлдэгдэж байгаа гэдэг нь илэрхий. Бусад аймаг, хотуудыг нийлүүлбэл ямар тоо гарах нь ойлгомжтой байна.
Охид сайхан эр хүнээр хайрлуул, сайн эр хүнийг хайрла. Харин амьдралдаа хар толбо үлдээх алдаа хийхгүйн тулд хамгаалалт заавал хэрэглэж заншцгаая. Би Монголын сайхан охидыг зугаа цэнгэл,  садар самуун явдлынхоо золионд үр хөндүүлдэг гэж хэлмээргүй байна, тэгэж итгэж үнэмшмээргүй байна. Харин сайхан хайр байдаг, олдвол алдаж болохгүй ч хүний орчлон сайнтай муутай байдаг нь хорвоогийн жам хойно хүүхэд тээх асуудлыг бодож шийдье. Ёстой л долоо хэмжиж нэг огтолж суръя. Их хааны удамт ЭР ХҮН танд ээж шигээ, эгч шигээ эмэгтэй хүнийг үнэнчээр хайрлах түвшин ухаан ерөөе.
 Хавар сайхан улирал аа.  Гэхдээ хавартай хамт ирдэг Хайр – Харууслын ялгааг ухаарцгаая. Эрүүл мэндийн сайд аа!  Одоо л  нөгөө өндөр төсөвтэй жирэмслэлтээс сэргийлэх олон арван “арга ухаанаа” сурталчилж эхлэмээр байна. Монгол хүний өндөр хувь заяа нар харах хувьгүйгээр мэсний үзүүрт бүү эндээсэй.
Г.Оюун. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top