“Буур” Жамъян аваргын залбирал

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11


    Олон түмнээ “Буур” хэмээн алдаршсан Архангай аймгийн Цахир сумын уугуул, Монгол Улсын даян аварга Жамъянгийн тухай олон сайхан дурсамжуудыг одоо ч бөхөд элэгтэй монгол түмэн ярих дуртай. Үүний нэг нь Жамъян аварга ёс болгон гурвантаа мөргөдөг байсан тухай ярьдаг юм билээ. Барилдсан бөхөө гэмтээхгүй, өөрөө бас гэмтэхгүй, түрүүлэх бөхтэй таарахгүй байгаасай хэмээн залбирдаг байсан гэдэг. Харин “Буур” хэмээн нэрийдэх болсон тухайд нутгийн аянчид Нийслэл хүрээ ороод буцаж явах замдаа гол гатлах болжээ. Аян жинд сойн дөрөө даасан атнууддаа чадлынх нь хэрээр ачаа ачсан жинчид нэг их юм бодолгүй модон гүүрээр жингийн цуваа гарч дуусах тэр үед сүүлийн тэмээтэй ачаа цөмөрч, юу юугүй гүүр нурахад хүрч гэнэ. Энэ үед Халхын наадмын дэвжээнд хүч үзэн хоёр түрүүлж, нэг үзүүрлэн Даян аварга цол хүртээд байсан Цахир нутгийн хүү Жамъян сүүлчийн тэмээний араас гүйн хүрч ачаатай атыг “чүү” хэмээн өргөхөд гүүрний банзны завсар хавчуулагдан тэгнэсэн атны хөл, ачаатайгаа хамт өргөгдөн гарч иржээ. Ийнхүү Монгол бөхийн дэвжээнд үеийнхээ хүчтэнүүдтэй эр бяраа үзэж явсан Жамъян даян аварга жингийн цувааг гарз хохиролгүй гол гаталгаж, ачаатай атан тэмээг сэвхийтэл өргөсөн түүний бяр хүчийг гайхан биширсэн нутгийн түмэн түүнийг “Буур аварга” хэмээн хүндлэн дуудах болсон гэдэг юм билээ.
Тэргүүн сониноос  Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top