Шинэ хууль Эрүүл мэндийн даатгалын нууц бизнесийг тасалж чадах уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12


Өвчний хуурамч түүх зохиож даатгалын мөнгийг хумсалсан эмч нарын хэрэг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын салбарын идээ бээрийг ил гаргалаа. Энэ явдлаас улбаалж ЭМД-ын хуулийг шинэчлэн найруулж, УИХ хэлэлцэж эхэлсэн нь энэ салбарыг уг үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэдгийг хууль тогтоох дээд байгууллага маань өөрөө хүлээн зөвшөөрч, нотолсон хэрэг боллоо. Эрүүл мэндийн даатгалын санд хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх их мөнгө эргэлддэг учраас хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө хууль үйлдвэрлэдэг болчихоод байгаа төрийн түшээд иргэд даатгуулагчдын эрх ашгийг хуулиар хамгаалж чадах эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс цөөнгүй. Эрх барьж байгаа улс төрийн хүчний саалийн үнээ болчихоод байгаа даатгалын сангийн хараа хяналтыг сайжруулах хуулиас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадвар, ёс суртахууныг сайжруулж төрийн албыг чадваржуулах шаардлагатай болжээ. Эрүүл мэндийн салбарын дарга удирдлагууд хүнийг эмчлэх биш харин тэдний өвчнөөр бизнес хийдэг болсныг Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн даргын хэрэг  нотлов.  Илэрч баригдсан нь энэ болохоос  ийм удирдлагууд хэчнээн байгааг бид таашгүй. Тэд өвчний хуурамч түүх зохиодог юм байж. Харин үүнийг хянаж, хэвтэж эмчлүүлсэн даатгуулагчдын гэрчилгээ, оношлогооны чанарыг шалгаж, санхүүжилт олгох ёстой нийгмийн даатгалын улсын байцаагч та энэ үеэр хаачив?  Манай эмнэлгүүдэд ямар ч хүнд өвчтөн байсан хамаагүй 10 хоног хэвтэж эмчлүүлэх бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм хугацаанд  ханиад томуу зэргийг бол эмчилдэг чаддаг байх л даа. Харин тархинд нь  цус харваад гүйцэд ороогүй хүнийг хэвтэх хугацаа дууссан гээд эмнэлгээс гаргаж байсан тохиолдол БЗД-ийн эмнэлэгт гарсан. Дахиад хэвтүүлэх гэхээр эмнэлгээс гараад гурван сар болоогүй байна гээд хэвтүүлэхгүй байдаг нь энэ хугацаанд үхсэн ч хамаагүй гэсэнтэй утга нэгэн биш гэж үү. Үүний цаана өвчтөнөө эдгээж эмчлэхээс илүү олон хүнийг богино хугацаанд хэвтүүлж гаргаад даатгалаас нь ахиухан мөнгө авах гэж завдаж буй эмнэлгийн удирдлагуудтай даатгалын улсын байцаагч та найзан дундаа наймаа ярьж суусан юм биш биз дээ. Нийгэмд нэг удаа дуулиан шуугиан тариад өнгөрөх биш эрүүл мэнд, даатгалын системийг дорвитойхон шиг шинэчилсэн цагт л иргэд даатгуулагчид “эрүүл” эмнэлгээр үйлчлүүлж, амьд явах эрхээ эдэлж чадна гэдгийг төрийн түшээд бодолцож ЭМД-ын хуулиа батлана гэж найдаж сууя даа.
Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top