Өчигдөр буюу ням гаригийн 15:50 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Богд-Хан уулын Эх цагаан уулын “Хөх асгатын дээд үзүүр” гэдэг газар ойн түймэр гарсан. Дуудлага хүлээн авсан даруйд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, мөн Аврах тусгай анги, Төв аймгийн Онцгой байдлын газар, Аврах гал унтраах 10, 14, 30, 65 дугаар ангийн аврагч гал сөнөөгчид, Аврах салбар, Богд-Хан уулын захиргааны нийт 159 хүний бүрэлдэхүүнтэй, 16 автомашинтайгаар ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт түймрийг цурманд оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Уг түймэр нь уулын энгэр хэсэгт 250 метрийн өргөн, 750 метрийн урт хэмжээтэй талбайд гарсан байна. Одоогоор галын шалтгаан нөхцлийг тодорхойлох боломжгүй бөгөөд түймрийг бүрэн унтраасны дараа галын шинжээчид тогтоох юм. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ой хээрийн 10 удаагийн түймэр гарсан.
Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын албанаас анхааруулга, сэрэмжлүүлгийг явуулдаг ч хүний үйл ажиллагаанаас болж нийт түймрийн 90% нь гарч байна. Иймд хаврын хуурайшилтын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр багийн нутаг Салуужингийн гол, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын зааг нутагт гарсан түймэр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын гуравдугаар багийн нутагт гарсан ой хээрийн түймэр, Богд-Хан уулын “Хөх асгатын дээд үзүүр” гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг онцгой байдлын албан хаагчид тус, тус цурманд оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газрын хэвлэлийн төлөөлөгч С.Мөнхнаран мэдээллээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )