Роснефть хамтрагчаараа ”Стат Ойл”-ыг сонголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Дэлхийн нефтийн томоохон компани болох Оросын төрийн өмчийн газрын тосны “Роснефть” компани Норвегийн “Statoil”-компанитай газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллахаар 2.5 тэрбум ам.долларын гэрээг өнгөрсөн бямба гаригт байгуулжээ. “Роснефть” компани уг гэрээг байгуулахаас өмнөх сар орчмын хугацаанд АНУ-ын “ExxonMobil”, Италийн “Eni” зэрэг томоохон компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсныг олон улсын шинжээчид онцолж байна.Үнэхээр ч “Роснефть” газрын тосны салбарт хамтран ажиллах шинэ түншүүдтэйгээ хэдэн зуун тэрбум долларын гэрээ байгуулаад авсан. Эдгээр тохиролцоо нь бүгд далайн гүнээс газрын тос олборлох чиглэлд хийсэн урт хугацааны гэрээ юм.

Норвегийн компанитай байгуулсан гэрээний хувьд хоёр тал Баренцын тэнгисийн хайгуулын нэг, Оросын зүүн өмнөд хэсгийн нутаг болох Охотскийн эрэг орчмын хайгуулын гурван ч талбайд хайгуул хийх ажээ. Баренцын хэсгийн хайгуулд 1 тэрбум доллар зарцуулах бол Охотскийн хэсэгт үлдсэнийг нь төсөвлөхөөр болжээ. “Роснефть” компанийн захирал Эдуард Худайнатов “Нөөцийг бүрэн тогтоосны дараа ирэх арван жилд тухайн хэсгүүдийн олборлолтыг эхлүүлэхэд зориулах хоёр талын хөрөнгө оруулалт нийтдээ 100 тэрбум ам.долларт хүрч мэднэ” гэж мэдээлжээ

А.ТӨМӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top