“Гацуурт”-ын Л.Чинбат мэт мөнгөөр хахсан баячууд Гиннесийн номонд ормоор хөлтэй хурим хийдэг болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

    Үлгэрт л хундага тавилгүй ууж, хутга тавилгүй иддэг нижгэр найр хуримын тухай гардаг бол өнөө цагийн Монголын баячууд түүнийг амьдрал дээр элбэг дүүрэн хэрэгжүүлж эхэллээ. Анх Кёкүшюзан Батбаяр анхны эхнэр Буянбилэгтэйгээ халхыг доргиосон тансаг хурим хийсэн бол Асашёорюү Дагвадорж түүнийг нь бүр дэврээсэн. Ёстой л баян хүн лаагаа иднэ үү, луувангаа зажилна уу дурын хэрэг боловч улс даяар ядуусын арми улам өсөж үржин, зарим нь өлсгөлөнгийн тураалд орж байхад тэдний тэгж тансаглан идэж, илүү гарч муудсан хоолоо нүхэнд хаяж булж байгаа нь хэтэрсэн хэрэг болжээ.
    Б.Бат-Эрдэнэ аваргад дөчин саяын үнэтэй жийп бэлэглэж түмний нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгож асан “Магнай трейд” компанийн эзэн Б.Ганзориг гэхэд ууган хүүгийнхээ хуримыг хөлтэйхөн хийсэн юм.  Хуримын будаалгыг “Баянгол” ресторанд, үдшийн партийг “Level Lounge”-д дуулиантай ёсолсон.
УИХ-ын сэнтийд нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёулаа заларсан цорын ганц тохиолдлын эзэд нь Ш.Отгонбилэг, Д.Туяа нар агаад тэдний голомт залгах ганц хүү О.Содбилэг нь гэрлэх ёслолдоо Хуримын ордны дарга Оюунчимэг авгайг шууд авчраад батлуулж байсан эрхэмсэглэлийг өнгөрсөн зун “Гацуурт” компанийн босс Чинбат мөнхүү удам залгах ганц охиныхоо хуриманд давтсан юм.  2010 оны долдугаар сарын 28-ны өдөр аялал жуулчлал, амралт зугаалгын Тэрэлж цогцолборт хийсэн энэ сүржин тансаг хуриман дээр Чинбат босс Гэрлэх ёслолын ордны дарга Оюунчимэг хатагтайг бараг л онгоцоор залж авчрах нь холгүй урин авчирч Номин охиныхоо гэрлэлтийг батлуулж байсан юм. Хуримын ордонд тоож очихгүй ихэмсэглэн бардамнаж байхад Оюунчимэг авгай яг л нэг албат боол шиг нахилзан гүйж очсон гээд бод. Ямар тэнгэрт юмуу, усан дотор хуримласан биш. Сонирхууштай нь, ноён Чинбат зөвхөн ингэж эрхэмлээд зогссонгүй охиныхоо хуримыг монгол ба европ ёслол, үдшийн парти гэсэн гурван хэсэгт багтаан тансаглуулжээ. Энэ нүсэр тансаг хариманд Монголын улс төр, бизнес, спорт, урлагийн бүх томчуудыг бараг урьж хамруулсан гэдэг ба Тэрэлжид болсон энэ ёслолыг яг төрийн гурван өндөрлөгийг хамгаалж байгаа юм шиг гайхалтай өндөр харуул хамгаалалтан дор хийжээ. Нийт 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамгаалалтын алба ойр орчмын уул толгод, гол усны эргэн тойрныг хамран чандалж, хурмастын жигүүртнээс бусад хэнийг ч Тэрэлж рүү алхуулаагүй юм гэдэг билээ. Хэнээс, юунаас тэгж хамгаалсан нь ойлгомжгүй. Уг нь найр хуримыг монголчууд чөлөөтэй үйлддэг бөгөөд гэнэтийн айлчин, урилгагүй гийчин ирэхэд гар сунган тосч авдаг ёс заншилтай. Тэгтэл ноён Чинбат Монголын бүх ядуу гуйранчид охиных нь хуриман дээр гүйж очоод хамаг амттан шимттэнийг нь хуурайлчихна гэж сэрдсэн ч юмуу гэлтэй. Орчин үеийн гар утсанд зураг авах боломж нээгдсэн. Гэтэл Чинбат баян хуримын урилгатай зочдоо гэрэл зураг авахгүй байхыг хүсээд, зургийн аппараттай хэнийг ч хуримын танхим руу алхуулаагүй аж. Охиноо зургийн аппаратнаас хүртэл харамладаг эцэг гэж бас байдаг юмсанж. Тэр хуримын бүх бичлэгийг Чинбатын хөрөнгөөр боссон “Монгол ТV” бичин авсан агаад Америкаас хоёр, Өмнөд Солонгосоос хоёр мэргэжлийн гэрэл зурагчдыг авчран ажиллуулсан байна. Авсан зургуудаараа альбом хийгээд Америк, Солонгосын зах зээл дээр худалдлаа гэсэн сураг л лав сонсогдоогүй. Телевизийн бичлэгээ ч “Монгол TV”-ээр цацаагүй юмдаг. Ингээд бодохоор баян тарганаа л гайхуулах гэсэн санаархал байж уу дээ гэсэн бодол эрхгүй төрнө.  Бас хуримын нэгэн том ажил нь циркчдийн тоглолт байв. Хуриман дээр зөвхөн насанд хүрэгчид байдаггүй, хүүхдүүд ч олон байдаг нь мэдээж. Баян Чинбат тэнд оролцох хүүхдүүдийг томчуудын архи, тамхитай холилдуулахгүй, тусад нь саатуулахын тулд тийнхүү Улсын циркээс бүтэн баг урьж авчирсан байгаа юм. Энэ бүхнээс харахад ноён Чинбатын ганц охины хуримыг Монголд урьд өмнө байгаагүй, хожим хойтод ч бараг дуулдахгүй цуутай хурим гэж нэрлэхэд болно. Асар их мөнгөөр тоглосон энэ нүсэр хуримыг нүнжигтэй гэх үү, хөлтэй хурим гэх үү гэдгийг шууд дүгнэхэд төвөгтэй. Охиндоо хайртай эцгийн сэтгэлийн нүнжиг мөн биз. Гэвч монголчууд дуутай тэнгэр хургүй, цуутай хурим хөлгүй гэлцэх нь бий. Ингэж хэтэрхий их мөнгө цацаж байхын оронд хоосон ядуусын хүүхдүүдийг нэг өдөр ч болсон хооллож ундалсан ахул бурхан хүртэл талархаж, лус хүртэл баярлах байсан буй за хэмээн санагдах. Хэрэв Монголыг тоож харцаа шиддэг байсан аваас Гиннесийн номонд Чинбат баяны хийсэн охин Номингийнх нь энэ хуримыг “Монголын хамгийн баян тансаг хурим найр” гэж тодотгон тэмдэглэх байлаа.
“Алаг хорвоо” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Setguulch bolio(210.139.69.104) 2017 оны 10 сарын 30

Ingej muuhaigaar bichlee geed olon hunii handalt avahgui. Ene hunii barimtaldag zarchim ajilsag hicheengui zan ym buhen deer haragdaj baina. Uneheer ulger duurailal avmaar mundag hun. Chi harin hun ingej muulj heden tugrug olj baisnaas oligtoihin shig hudulmurluh heregtei shd

0  |  0
Намрай (122.201.21.127) 2015 оны 12 сарын 05

Энэ хүний хийсэн хөдөлмөрөөр бахархаж байна бид бие биенээ муулах биш хийсэн бүтээсэн бүхнээр нь бахархах ёстой үнэхээр мундаг хүөдөлмөрч хүн юмаа энэ хүн энэих бүтээн босгосон юмаа аваад тэнгэр халих биш дээ байгаа үед нь бид хайрлахёстой биш үү. Энэ хшнд амжилт аз жаргал хүсьуь дээ

0  |  0
Top