“Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодох болсон минь намын дарга С.Баяраас болсон” хэмээн мэдэгдэж байсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ удаад Ерөнхий сайд С.Баяр “Намайг шахаж, дарамтлан Онц байдал зарлахад хүргэсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгөх болсон. Улмаар эксийн мэдээлэлтэй холбогдуулан түүнээс хуулийн байгууллага тайлбар авч, нэр дурдагдсан хүмүүсийг дуудаж байцаалт авах болоод байгаа билээ. Тэдний нэг нь удтал АНУ-д эмчлүүлээд ирсэн УИХ-ын гишүүн С.Баяр юм. Чухам тэрбээр дээрх мэдээлэлд хэрхэн хандах бол, Н.Энхбаярт ямар хариу цохилт хийх бол гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн чуулганы хуралдааны дараа УИХ-ын гишүүн С.Баяр “MN-25” телевизэд дээрх сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж ярилцлага өгсөн юм. Түүний ярилцлагыг товчлон хүргэе.
-Долоодугаар сарын нэгний асуудлаар тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах хэрэгтэй гэх мэдээлэл цацагдах боллоо. Улмаар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тайлбар өгөхдөө Ерөнхий сайд С.Баяр Онц байдал зарлахад Ерөнхийлөгчид шууд тулган шаардаж, зарлигт гарын үсэг зуруулсан гэж мэдэгдсэн. Та энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийлээч?
-...тухайн үед долоодугаар сарын нэгний үйл явдлын үеэр Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүнийхээ хувьд би гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай гэж боддог. Энэ тухай албан тоот Ерөнхий прокурор Д.Дорлигжавт явуулсан. Гэрчийн мэдүүлгийг өгснөөр үнэн мөнийг тогтооход тус болох болов уу гэж итгэж байгаа. Энэ долоодугаар сарын нэгэнтэй холбоотой олон асуудал бий. Ялангуяа, Онц байдал зарлах зарлиг гаргасан нөхцөл байдал, хэн тогтоосон, хэн нөлөөлсөн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлж байгаагаар Ерөнхий сайд байсан С.Баяр би шахаж, дарамталж байгаад зарлигт гарын үсэг зуруулсан гэдэг юм билээ. Хууль хараарай. Ямар нэгэн дарамт шахалтын асуудал байхгүй.
...Би Ерөнхий сайдын хувьд тодорхой байр суурьтай байсан. Тэр байр суурь маань ч хэвээр байгаа. Үүнийгээ ч албан тоотдоо дурдана гэж бодож байгаа.
...Онц байдал зарлах нь буруу юу, зөв үү. Нөгөө талаас Онц байдал тогтоохдоо цаг алдсан эсэхийг ч тогтоох нь зүйтэй байх. Миний бодлоор долоодугаар сарын нэгний үйл явдал өдрийн 12 цагаас эхлээд шөнийн 24 цагт Онц байдал тогтоох зарлиг тогтоож эхэлснээр энэ бүх үйл явдал баримтжсан байдаг. Хурлууд телевиз болон авианы бичлэгтэй, түүнийг нь буулгасан протокол, тэмдэглэлтэй. Баримтаар нотлогдож байгаа учраас аль нэг этгээд мушгин гуйвуулах, буруу зөрүү ярих бололцоогүй. Иймээс баримтынхаа дагуу үнэн, зөвийг илтгэх, мэдүүлэх ёстой. Хэн нэгэн этгээдийн тэгж авирлаж байгаа талаар яримааргүй байна.
...төрдөө, хууль хяналтын байгууллагад өөрт байгаа, мэдэж байгаа бүхий л мэдээллийг нууж хаалгүй, мушгиж гуйвуулалгүйгээр албан ёсоор тайлбар, мэдүүлэг, эсвэл бүр эрүүгийн гэмт хэрэг гээд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал гэрчийн мэдүүлэг өгөхөд ч бэлэн байна.
-Н.Энхбаяр таныг хүчээр шахаж, шаардаж байгаад Онц байдлын зарлигт гарын үсэг зуруулсан гэж хэлэхэд бас цаана нь тодорхой шалтгаан бий болов уу. Ямар шалтгаан бий болоод ийм тайлбар хийх болов, танд бодогдсон зүйл бий юу?
-...Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намайг ганц долоодугаар сарын нэгний үйл явдалд буруутгаад зогсохгүй олон зүйлд буруутгадаг юм билээ. Ноднин өдийд Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам миний эсрэг үйл ажиллагаа явуулж унагалаа. Энэ ажлыг намын дарга байсан С.Баяр зохион байгуулсан гэж шуугиан болгож байсан. Үнэн мөнийг тогтоолгохын төлөө намын дотоод асуудал учраас ямар хууль, хяналтын байгууллагад хандалтай биш, намынхаа хяналтын байгууллагад хандсан. Үүнтэй холбоотой материалаа гаргаж өгөхийг Н.Энхбаяраас хүссэн боловч гаргаж өгөөгүй. Энэ хавар дахиад л долоодугаар сарын нэгний үймээнд буруутгаж эхэллээ. Шахаж, дарамтлуулж зарлиг гаргуулна гэдэг үгийнхээ агуулгыг бас бодмоор юм. Шахаж, дарамтлуулж зарлиг гаргадаг байсан Ерөнхийлөгч мэтээр өөрийгөө ярих нь хэр зохимжтой юм бол...
-Тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, генерал А.Ганболд Ерөнхийлөгчтэй бус, Ерөнхий сайдтай зөвшилцөж Онц байдлыг тогтоосон мэтээр хөндөж ярьж байгаа нь хэр үндэслэлтэй юм бол?
-...ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, генерал А.Ганболд надтай үгсэн хуйвалдаж, Онц байдал тогтоосон гэвэл үнэнд нийцэхгүй. Тийм бололцоо ч байхгүй. Зарлигт Ерөнхий сайд бус, Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг...
...Онц байдлыг үгүйдээ 30 минутын өмнө зарлах үүднээс шуурхай хуралдсан. Тэр хурал дээр бүх асуудал шийдэгдсэн учраас хэн нэгэн, аль нэгэн албан тушаалтныг дарамтлах, үгсэн хуйвалдах боломж байгаагүй.
...Төр засгийн өндөрлөгт байсан хүмүүс нэгнийгээ ийм, тийм гэж ярих нь хүн ёсонд төдийгүй төрд харшилна.
-Тухайн үед та шатаж байгаа намын байрандаа олон цаг хүнд байдалд байсан. Ерөнхийлөгч шийдвэрээ гаргаж чадалгүй тээнэгэлзсээр нэлээд хугацаа алдаж зарлиг гарсан гэж та түрүүн дурдлаа. Шатаж байгаа байшингаас Төрийн ордонд очоод шууд Ерөнхийлөгчтэй уулзахдаа ямар асуудал ярьсан бэ?
-Үйл явдлын цагийн хувьд Ерөнхийлөгч УИХ-ын ажлын хэсэгт өгсөн тайлбарыг уншсан. Тайлбарт дурдсанаар мань хүн цагны тухайд нэлээд будилсан байдаг. Уг нь тодорхой л баймаар. Бүхий л телевизээр үймээн цаг, минуттайгаа гарсан байдаг. Асуудлыг товчхон хэлэхэд, байдал бишдэж эхэлсэн нь үдээс хойш 15-16 цаг. Урд өмнөх жагсаалуудаас огт өөр байсан. Тухайн үед намын байрны тавдугаар давхарт Удирдах зөвлөл хуралдаж байсан юм. Гэтэл гаднаас чулуу нүүлгэж, нэг ч бүтэн цонх үлдээгүй. Ингээд хурлаа хийж чадахаа больж тарсан. Уг нь 17.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэж зар түгээсэн байсан юм. 50-60 сэтгүүлч ч ирсэн байлаа. Яг тэр үед дөрвөн талаас тоосгоор бөмбөгдөөд намын байрнаас гарч чадахгүй хэцүү байсан. Харин галыг 17.00 цагаас тавьсан байдаг. Гал тавьсныг хэвлэлийн бага хурлын танхимд байсан учраас би мэдээгүй. Хэвлэлийн хурал ч сунжирсаар 17.30 цагт эхэлж, би 5-10 минут мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн асуултад хариулж эхэлтэл утаа ороод ирсэн. Намын ажилтнууд гүйж орж ирээд гаднаас гал тавьчихлаа гэж байсан. Цонхнууд нь онгорхой учраас гал салхинд улам авалзаж байлаа. Ингээд хэвлэлийн хурлаа дуусгаагүй. Энэ бүх хугацаанд би Ерөнхийлөгчтэй холбогдож байсан...
...18.20 цагийн үед Ерөнхийлөгчид энэ ганц намын байр биш, цаанаа өргөжих аюултай болж байна. Гэхдээ би намын байранд байгаа хүн үйл явдлыг бодитойгоор үнэлж чадаж байна уу, үгүй юу. Та хуулиа сайн хараарай гэж хэлсэн. Тухайн үед надад Онц байдал зарлах тухай хууль байгаагүй. Гэтэл Ерөнхийлөгч “Та гараад ирээч” гэж байсан. Би гарч ирж болохгүй байна аа. Учир нь шатаж байсан байранд намын ажилтнуудаас гадна сэтгүүлчид гээд 300 гаруй хүн байна. Гаднаас чулуу шидээд байгаа учраас гарч чадахгүй байсан. Цагдаагийнхан бамбайгаар хааж, хүмүүсийг 5, 6-аар нь Улаанбаатар зочид буудлын зүг зөөж байсан. 300 гаруй хүнийг ингэж гаргана гэдэг их хугацаа шаардлагатай. Хоёрт, гал ч авалцаж байлаа. Гал руу нийллэг сентитик эдлэл хаяад байран дотор байсан хүмүүс нүд нь хорсож, амьсгаа нь давхцаж хэцүү байсан. Өрөөнүүдэд угаартаад уначихсан хүн байх вий, бүгдийг нь шалга гэж хаалга бүрийг нягталж байсан. Гал 18.30 цагийн үед улам ширүүссэн байх. Энэ бүх хугацаанд Ерөнхийлөгчтэй холбогдож, нөхцөл байдлыг танилцуулсаар л байсан.
...Би 18.50 цагийн үед намын байрнаас гарч Төрийн ордонд ирсэн. Тухайн үед би Ерөнхийлөгчид маш их бухимдсан. Учир нь Ерөнхийлөгч “Би улс төрийн намуудын дарга нарыг цуглуулаад зөвлөгөөн хийж байна” гэсэн юм. Юун зөвлөгөөн бэ. Улс төрийн намууд чинь хийдэг гайгаа хийчихлээ. Тэдэнтэй яриад байх юм байхгүй. Бүгдийг нь хөөгөөд гарга. Одоо Монголын төр ажлаа хийх ёстой.
...Өнөөх хурал нь 21.00 цагаас эхлээд 30 минут болоод тарсан. Мэдээж тийм өдөр улс төрийн намуудын дарга нар надаас биш, чамаас болсон гэж нэгэн рүүгээ дайрч давшилсан, хэрүүл л болсон юм. Ингээд тэднийг гаргасны дараа зарлиг руугаа анхаарлаа хандуулсан. Харамсалтай нь 21.00 цаг хэдийнэ өнгөрсөн байсан.
...Миний бодлоор зарлиг оройтож гарсан. Шөнө байсан болохоор иргэдийг хэн буудсан гэдгийг тогтоогоогүй. Дорж гэдэг цагдаа Дондог гэдэг иргэнийг буудчихлаа гэдгийг тогтоогоогүй гэж л би ойлгосон. Гэтэл галт зэвсгээр амь насаа алдсанаас гадна, шархадсан иргэд бий. Гэвч тэр дотор цагдаагийн зэвсэглэлд байгаа АКА-М автомат бага гарын калибраас гадна жижиг калибрын буугаар буудсан шарх байдаг. Үүнийг одоо болтол нарийвчилж шалгаагүй. Цагдаа буудсан байлаа гэхэд өөрийнх нь зэвсэглэлд байхгүй жижиг калибрын буугаар яаж буудсан байх уу. Хэрэв цагдаа биш юм бол хэн буудав. Хурц гэрэлтэй хар машинаар хөөж буудсан гэсэн, тэр машин хаана байна.
-Цагдаагийн байгууллагад тийм машин байхгүй юу?
-Байхгүй. Одоо болтол тодорхой болоогүй олон асуудал бий. Намын байран дээр болсон жагсаал цуглаан явсаар байгаад улайран дайрсан үйлдэл болсон. Ингэхдээ урьдчилан фургон машинаар чулуу, шатах бодис тээвэрлэж авчирсан байдаг. Тэр бүхнийг авчирсан машины улсын дугаар бий. Тэгвэл түүнийг хэн зохион байгуулж авчрав. Энэ асуултын хариуг өнөөг болтол хэн ч аваагүй. Эцэст нь аюулын эсрэг сөрж зогссон Монголын цагдаа буруутан болж, энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр миний бие, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гэсэн дүгнэлтэд хүрч байгаа бол би санал нийлэхгүй.
...Би ингэж ярихдаа мөрдөн байцаалт болон хууль хяналтын байгууллагын нууцыг задруулсангүй. Зөвхөн таны асуултад л хариуллаа. Энэ дотор шийдвэр гаргахтай холбоотой нарийн асуудлууд бий. Үүнтэй холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллагад мэдүүлнэ гэж бодож байгаа.
“Нийгмийн толь” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )