Оюутнуудаас сэрэмжил

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Сүүлийн үед оюутан, залуучууд дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх нь  ихэсчээ.  Үүнтэй холбогдуулж цагдаагийн газраас  иргэд сэрэмжтэй хандаж их хэмжээний бэлэн мөнгийг аль болох биедээ авч явахгүй байх, банк, санхүүгийн байгууллагаар дамжуулж гүйлгээ хийх, шаардлагатай үед болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байх юм.  Дээрх сэрэмжлүүлэг гарах болсон шалтгааныг  хаврын цагт  оюутнуудын хувьд хамгаас илүүтэй мөнгө шаардлагатай болдогтой холбоотой гэх яриа ч дуулдана.  4-р сарын 6 нд Чингэлтэй дүүргийн иргэн О “Найман шарга” валютын захад 10 гаруй орчим сая төгрөгөө  солиулаад гэртээ харих замдаа дээрэмдүүлсэн байна. Түүнийг орцондоо ороход нь 18-22 орчим насны хоёр залуу боож унаган гар цүнхтэй мөнгийг дээрэмдэн авч зугатсан хэргийг ЭЦГ-ын ажилтнууд  өчигдөр илрүүлж гэмт этгээдүүдийг баривчилжээ.
Уг хэргийг  20-22 насны  залуус бүлэглэн  үйлдсэн  бөгөөд гэмт этгээдүүд их, дээд сургуулийн оюутнууд байв. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байна. Сүүлийн үед хулгай дээрэм, хар тамхи, дээрэм тонуул, биеэ үнэлэх гээд болохгүй бүхэнд оюутнуудын нэр дуулдах болсон нь Монголын эмгэнэл болоод байна. Та нар чинь Монголын ирээдүй, алсдаа   эмч багш, хуульч, төрийн түшээд болох хүмүүс.  Цагдаагийн газраас сэрэмжлүүлэх хэмжээнд очих ч гэж дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгсэн.


Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top