Б.Бат-Эрдэнэ аваргын урт нэртэй хууль руу дахин дайралт эхэллээ. Гэхдээ энэ удаад шийдвэр сүүлчийн мөчид олигархуудын гар хөл болсон улс төрчдөд цохилт өгч байна. Сүүлийн үеийн гол томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр урт нэртэй хууль Монголын банк санхүүгийн салбарыг эрсдэлд оруулж байна гэх мессежийг мөнгө хайрлахгүй цацаж байна. Энэ бол урсгалаараа урсаад байгаа мэдээлэл биш, цаанаасаа шахуургатай эд юмаа.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэсэн нэртэй энэ хуулиас ерөнхий агуулга, үзэл санаа нь тов тодорхой харагдаж байна. Бурхан Халдун уулаа хятадуудаар ухуулахыг харсан монгол хүн бүрийн элэг эмтэрч, өөрийн эрхгүй нулимс унагаасан нь энэ өвөл шүү дээ. Зөвхөн Бурхан Халдун хайрхан гэлтгүй олон сайхан уул ус, гол мөрнөө бид гадна, дотны наймаачдад цөлмүүлж байгаа нь нууц биш. Байгаль ээжийг та нар хэрвээ сонсдог бол орь дуу тавин орилж, бархирч байна. Харин Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн санаачилсан энэхүү хууль нь алтны төлөөх хэт туйлширлыг хазаарлахад үлэмж хувь нэмэр оруулсан.
Ер нь стратегийн 15 орд газраасаа олсон мөнгөөр Монгол улс Арабыг ардаа хийх хөгжил угтаж байхад газар дэлхийгээ хаа сайгүй сэндийчэх нь яавч буруу үйлдэл мөн. Гэтэл хаврын чуулганаар урт нэртэй хуулийг устгахаар О.Чулуунбат, Кёкүшюзан, хоёр Батсуурь, хоёр хасаг гишүүд тэргүүтэй хууль санаачлагчид болон олигархуудын гар хөл болсон хэсэг бүлэг улс төрчид хүчтэй лобби явуулж эхэлжээ. Тэдний ганц шалтаг бол дээр хэлсэнчлэн “Банкны салбар наадахаас чинь болж нурж уналаа” гэх айлгалт. Үнэхээр ч энэ хууль гарснаар тодорхой банкууд эрсдэл хүлээгээд байгаа нь үнэн. Тэд хууль гарахаас өмнө тодорхой ашигт малтмалын орд газрын лицензийг нь барьцаалаад зээл олгочихож. Нийт 163.2 тэрбум төгрөгийг 55 зээлдэгчид олгосон байна. Үүний тэргүүнд “Голомт” банк – 67, Худалдаа хөгжлийн банк – 31, “Хадгаламж” – 30 тэрбумын зээл олгосон байна. Түүний араас Улаанбаатар хотын банк – 11.79, ҮХОБанк – 5.2, ХААН – 5 тэрбумын зээлээр удаалжээ. Монгол банкнаас “Наад хуулиа яаралтай өөрчлөхгүй бол энэ банкууд ийм хэмжээний эрсдэл хүлээнэ шүү” гэж УИХ-ыг рекетлэж байна. Харин ийм зүйл ярьж байж угаас асуудалтай, эмзэг байгаа банкны салбараа өөрсдөө татаад унагачихав даа.
Тэр банкууд чинь ганцхан газартай хүнд зээл өгчихөөгүй юм байгаа биз дээ. Өөр өмч хөрөнгөөр тэр зээлийг төлж болно. Эсвэл өөр төсөл хөтөлбөрт нь нэмж зээл олгоод, тэндээс үүсэх ашгаар нь өмнөх зээлээ төлүүлж болно. Хэрвээ тэгээд гарц байдаггүй юм бол эрсдэл хүлээхээс өөр яах юм. Бизнест эрсдэл нүүрлэж л байдаг шүү дээ. Өөрсдөө өч төчнөөн тэрбумаар нь мөнгө угааж, аккредитив нээж эрсдэл наймаа хийдэг банкныхан зээл өгснийхөө төлөө тэр зэргийн эрсдлийг давах л хэрэгтэй. Энэ эрсдэл бол зургаан банк, хэдэн алтны компанийн асуудал. Харин Монгол газар шороо бол 2.8 сая иргэний ирээдүй хойчийн асуудал. Энэ хоёрыг битгий жинлэх гэж мугуйдал, гишүүдээ. Монголын ирээдүйг 160 тэрбум төгрөгөөр золих эрх хэнд ч байхгүйг та нар сайн мэднэ. Ер нь манай банкууд хашаа байшингаа барьцаалаад зээл авъя гээд очсон иргэнд тав арван сая төгрөгөө харамладаг байтлаа хэдэн арван тэрбумаар нь хоосон газар барьцаалаад зээл олгоод сууж байдаг нь өөрсдийнх нь цэвэр алдаа. Гэтэл энэ хуулийн дагуу цуцлагдчихаад байгаа лиценз барьцаалсан зээлэнд ХААН банк таван тэрбумыг л олгосон байна. ХААН банк бол Хадгаламж, ХХБ, Голомт банкнаас актив хөрөнгөөрөө хамаагүй том банк. Салбар нэгж, бизнесийн цараагаараа тэднийг дагуулахгүй том банк. Гэтэл эрсдлийг тооцож чадсан л байна шүү дээ. Тиймээс банкууд асуудлаа өөрсдөө шийдэж таарах нь. Харин энэ хуулийг цуцалбал иргэд, иргэний хөдөлгөөнүүд томоохон тэмцэл хийнэ, төр самуурна гэдгийг мэдэгдээд байна.
Хийх ажил их, явах газар хол байна. УИХ-ын эрхэм гишүүдээ, Таван толгойн асуудлаа л урагшлуул. Наад хэд чинь идэхээрээ л нэг болсон. Ганц удаа эрсдэл хүлээг л дээ. Башир, бохир аргаар удахгүй тэр алдагдлаа нөхөж чадах гарцтай улс гэдгийг та нар ч маш сайн мэднэ. Улс төрд дандаа олигархууд, хөрөнгөтнүүд ялалт байгуулж байна. Цаашдаа ч тэд ялах нь гарцаагүй. Харин ганцхан удаа Монголын ард түмэн онгон дагшин байгаль ээжийнхээ төлөө тэмцэж, ялалт байгуулаг л дээ.
Таны хуруунд их эзэн Чингисийн сүр сүлдийг хамгаалж, үеийн үед бидний өвөг дээдэс тахиж ирсэн Бурхан Халдун уулын онгон сүрлэг хувь заяа байна. Таныг мөнх хөх тэнгэр ивээг. Кноп тань мэргэн байх болтугай.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )