Өвгөн гишүүдийг өшиглөх үү, өрөвдөх үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Нуруутай хөгшин
УИХ-д сүүлийн хориод жилд завсаргүйгээр суусан хэдхэн хүн бий. Тэдгээрийн нэг нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл юм. Тэрбээр аль хэдийнээ өндөр насны тэтгэвэрт суух болчихсон. Нас сүүдэр 70 дөхөж явна. Ажлын ачааллаа даахаа больж байна уу даа гэлтээ заримдаа нүд нь гархилж, царай нь барайж, нүүрнийхээ хамаг арьсыг духан дээрээ хамж авчраад зангидсан мэт үрчийж үзэгдэнэ. Саяхан өвгөн спикер маань УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр үг хэлэхдээ харин овоо дориун дуугарч удаан хугацаагаар яригдсан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэнэ, …эрх зүйн хувьсгал хийнэ” гэх мэтээр мэдэгдсэн юм. Мөн МАН-ын зарим лидерүүд намынх нь нэр хүнд ойрдоо байнга хасах цэг рүү хацайгаад байгаа болохоор ирэх сонгуульд намаа биш амиа бодно гэсэн юм яриад явааг тэрбээр тэвчихгүй гэдгээ ч хэлээд авсан байна. Тиймэрхүү ойворгон нөхөд түүнийг “Хөгшин төгцөг” хэмээн ад үзэх нь ч бий. Гэхдээ Д.Дэмбэрэл дарга угийн ноён нуруутайн дээр намынхаа залуучуудын дунд зэгсэн нэр хүндтэй тул цаадуул нь бас жаахан жийрхдэг бололтой. Учир нь улс төрч хүн олон нийтийн дэмжлэггүй л бол хэн ч биш болж хувирдаг хойно Д.Дэмбэрэлийн ноомой, чимээгүй царайлчихаад нийгмийн хамгийн чухал хэсгээр өөрийгөө тойруулсанд бас бага зэрэг атаардаг хүн ч байдаг гэнэ.  Гэхдээ л Ховдод очоод Дэмбэрэлгүйгээр улс төр ярина аа гонжийн жоо. Тиймээс залуучууд түүнд “Нуруутай хөгшин” хандрах нь бий.

Мөлийсөн эр
УИХ-ын дэд дарга Лүндээжанцанг хэдэн жилийн өмнө гайгүй сайн хуульч, эрдэмтэн гэдэг байлаа. Гэвч парламентын босгыг элээж яваа түүнд өрсөлдөгч намынхан нь бүү хэл өөрийн намынхан нь далдуур дургүйцэх болсон байна. Аливаа зүйлд шинэлэг эрч хүчээр ажиллаж чадахаа больсон. Өөрөөр хэлбэл үеэ өнгөрөөжээ гэлцэж байна. Чингис хааны хамгийн ойр дотнын хүн Мухулай нэгэнтээ хэлэхдээ “Сайдыг санааны туйлд бүү хүргүүл. Түшмэдийг туйлын суудалд бүү суулга” гэсэн байдаг. Лүндээжанцангийн хувьд одоо яг энэ л сургаалийн дагуу эзний алба ээлжтэй, хааны алба халаатайн үлгэрийг үзүүлэх болсон гэж намын журамт нөхөд нь өвөр түрийдээ сэм шивнэлдэж байна. Ийм шүүмжийн үнэрийг авсан уу, мань хүн саяхнаас харин С.Батболдын засгийн газар руу ил далд дайралт хийдэг болжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үеэр тэр “Муу” гэсэн үнэлгээг бие даан анх удаа тун ч зоригтой хэлээд авлаа. Сонгууль дөхөөд ирэхээр сулхан улс төрчид иймэрхүү маягаар ганцаарчилсан тоглолт хийж, идэвхжээд ирдэг дээ.
Энэ хоёроос гадна бас Нямдорж, Гончигдорж тэргүүтэй өвгөчүүл байна. Тэднийг 2012 онд хэл ам багатай яажшуухан пээнсэнд нь гаргая даа хэмээн хоёр намын удирдлагууд толгойгоо гашилгаж сууна. Уг нь өдий сайхан насалтлаа их ч юм үзлээ, олон ч жил төрийн хоол хороолоо гээд өөрсдөө зайгаа тавиад яваад өгчих учиртай улс л даа.
Я.Ымербек

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top