“Туршилтаар мэс засал хийж эрэмдэг болгожээ” гэсэн дуулианд өртөөд буй Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн эмч Д.Мягмартай ярилцлаа. Манай сайтын зүгээс аль нэг талыг барихыг бодсонгүй. Зөвхөн үнэнийг уншигчдад хүргэхийг зорилоо.
-Та УКТЭ-т хэдэн жил ажиллаж байна вэ?
-1993 оноос хойш УКТЭ-т эрүү нүүрний мэс заслын эмчээр тасралтгүй 18 жил, сүүлийн 4 жил тасгийн эрхлэгчээрээр ажиллаж байна.
-2009 онд Наранзул гэгч иргэн танаар эрүүний мэс засал хийлгэсэн гэсэн. Тань дээр ирэхдээ ямар байдалтай байсан бэ?
-Наранзул гэж залуу 2009 оны 10-р сард манай тасагт хандсан. Эрүүний нэг тал нь гажигтай, хазалттай залуу ирсэн. Түүнээс яагаад ийм байдалтай болсныг асуухад 1996 онд 8 настайдаа шүд нь өвдөж, түүнээсээ болоод эрүүний ясны идээт архаг үрэвсэлтэй гэсэн оноштойгоор Эх Нялхсын сэхээн амьдруулахад хэвтэж тэндээ эрүүний хагалгаанд орж, тэр талынхаа эрүүний доод шүдийг авахуулж эрүүгээ тайруулаад ясны эдийг нөхөх хагалгаа хийгдсэн байсан. Тэрнээс хойш Наранзулын эрүүний өсөлт нь зогссон. Ясны хальсаа дагаад эрүүний яс нь ургасан боловч гүйцэд ургаагүй. Манай тасагт хандахдаа зөөлөн эдийн архаг бороотой, нүүрний тэгш хэм алдагдсан ясны сийрэгжилттэй ийм хүүхэд ирсэн. Эрүү нүүрний тасгийн ахлах эмч Хэнтий болон бусад зөвлөх эмч нартай зөвлөгөөн хийгээд эрүүний нөхөн сэргээх хагалгаа хийх дүгнэлтэд хүрсэн.
- Энэ хагалгаа өмнө нь манай улсад хийгдэж байсан уу. Наранзулд хийсэн хагалгааныхаа талаар ярихгүй юу?
-Нөхөн сэргээх мэс засал 1980-аад оноос дэлхий дахинд хийгдэж эхэлсэн. Манай оронд бол 1980 оноос эхлэн хийж эхэлсэн. Эрүүний согогийг гарын шууны яс, хавирганы яс, сүүжний дэлүүний ясаар нөхөн сэргээх эмчилгээ гэж хийгддэг. Үүний нэг жишээ нь шилбэний туялзуур яснаас авч нөхөн сэргээх хагалгаа юм. Энэ хагалгаа л Монголд анх удаа хийгдэж байгаа юм.
- Уг хагалгааг хувийн эмнэлэгт хийдэг үү?
- Эрүү нүүрний нөхөн сэргээх хагалгаа хувийн эмнэлгүүдэд хийгдэх боломжгүй ээ.
-Улсын эмнэлэгт хагалгаа хийлгэхэд мөнгө авдаггүй. Гэтэл таныг мөнгө авсан гэсэн байсан.
- Монгол улсын хуулинд улсын эмнэлэг мөнгө авахгүй гээд заасан байгаа. Би эмч хүн тэрийгээ мэдэлгүй яахав. Эрүүний нөхөн сэргээх мэс засал хийхээс гадна титанан эрүү тавихаар болсон. Энэ эрүүг гаднаас худалдаж авахад сая гаруй төгрөгний үнэтэй байдаг. Гадаадад илүү ч үнэтэй, Солонгост 2000 ам доллар орчим. Энэ титанан эрүүг давхар тавьж өгснөөр ясны суулгацыг улам бэхжүүлдэг. Энэ хагалгааны дараа Наранзул манай эмнэлэгт 8-10 хоног хэвтэж эмчлүүлээд эдгэрээд гарсан.
- Өвчтөн зургаан удаа хагалгаанд орсон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
- 10-аад хоногийн дараа дахиад ирсэн. “Яасан гэсэн чинь, эрүүний энд сонин болчихлоо. Би дараад унтчихсан, хүнтэй муудалцаад эрүү рүүгээ цохиулчихлаа” гэсэн. Үүнээс болоод нөгөө титанан эрүү нь гажчихсан. Дээрх хагалгаа маань нэг ёсондоо эрхтэн шилжүүлэн суулгасан гэсэн үг. Тийм учраас эрүүгээ хайрлан хамгаалж байх ёстой юмыг гадны нөлөө оруулсны улмаас дахин хавдалттай ирсэн. Ингээд үзлэг хийхэд титанан эрүүнийх нь боолт нь сулраад хөдөлгөөн орсон байсан. Дахиад бэхэлж өгөөд л явуулсан. Угаасаа сийрэгжилттэй болохоор яаж ч бэхлээд болохгүй юм байна лээ. Одоо бол титанан эрүүгээ бүр авчихсан байгаа. Түүний титанан эрүү нь ясны сийрэгжилттэй болохоор тогтохгүй боолт нь сулраад дахиж хавдаад ирэхээр нь үзлэг хийсэн. Хагалгаанд нийт 3 удаа орсон. Үзлэг хийхэд ярж үздэгийг л тооцоод 6 удаа хагалуулсан гэж Наранзул яриад байгаа юм.
- Тантай ирж уулзахаар урдаас ёжлоод, хэл амаар доромжилдог гэсэн байсан?
- Би эхэндээ тэр залууд тусалж байсан. Манай эмч нартай уулзаж асуугаад л яваад байсан юм байна лээ. Нэг удаа орж ирээд туршилтын хагалгаа хийсэн гээд байхаар нь би загнасан. Бид 2-ын дунд харилцааны зөрчил нэг удаа гарсан .Тэрийг би үгүйсгэхгүй.
- Таныг гурав дахь хагалгаандаа орохдоо согтуу байсан, мөн номон дээрээс уншиж байгаад хийсэн гэсэн?
- Намайг согтуу хагалгаанд орсон уу, үгүй юу гэдгийг надтай хамт хагалгаанд орсон эмч нар бүгд хэлнэ. 20 жил би хагалгаа хийхдээ 10 гаруй мянган хүнд хагалгаа хийсэн гэсэн тооцоо байдаг. Нэг ч удаа би согтуу хагалгаанд орж байгаагүй. Маргалдах үедээ би ажлын бус цагаар, ажлын байран дээрээ халамцуу байсныг маань л согтуу хагалгаанд орсон гэж яриад байгаа юм.
- Наранзул дээрх хагалгааны улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон, группд орсон. Тиймээс танаас эмчилгээний төлбөрөө аваад Солонгос улсад очиж эмчлүүлнэ гэсэн байна лээ?
- Шилбэний яснаас болоод хөл мэдээгүй болно гэж байхгүй. Хагалгаанаас болж группт орсон. Эрэл компанид ажиллаж байсан гэдэг нь бүгд худлаа. Тэр солонгос эмч нартай манай эмнэлэг холбож өгсөн юм. Манай Эрүү нүүрний мэс заслын нийгэмлэг Солонгосын эрүү нүүрний мэс заслын нийгэмлэгтэй холбоотой ажилладаг. Жил бүр хуралд нь очиж суудаг. Каннамын эрүү нүүрний их сургуулийн доктор У түрүү жил ажлын шугамаар манай эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт ирсэн юм. Энэ үеэр манай тасгийнхан Наранзулыг үзүүлсэн. Манайд хийсэн л хагалгаа тэнд хийгдэнэ. Бүх төлбөр нь нийлээд 13 сая болж байгаа юм.
УКТЭ-ийн чанарын албаны дарга, ахлах менежер Цэрэнлхамаас зарим зүйлийг тодруулсан юм.
Д.Мягмар эмчид ямар арга хэмжээ авсан бэ?
-Д.Мягмар эмч иргэн Наранзул нарын асуудалд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газраас албан тоот ирүүлсэн. Иймээс өнгөрсөн сарын 10-ны өдөр эмнэлгийн даргын тушаалаар комисс гарган ажилласан. Комиссын гишүүд баримт нотолгоо бүрдүүлэн дүгнэлт гаргаж Д.Мягмар эмчийг ажлаас нь халах тушаал гаргасан. Энэ сарын 15-аас ажлаа хүлээлгэж өгнө. Гэхдээ мэргэжлийн зүгээс гаргасан алдаагаар биш. Д.Мягмар эмч хагалгааг журам ёсныхоо дагуу хийсэн. Наранзул энэ хагалгааг Монголд хийгддэггүй. Би туршилт боллоо гэж үзээд байгаа, гэхдээ энэ ийм биш. Хагалгаа амжилтгүй болсон нь бүгд эмчийн буруу биш. Өвчтөний суурь яс зөөлөрсөн, хуучин архаг, ясны үрэвслийн сийрэгжилттэй байсан гэх мэт олон шалтгаанаас болсон. Мөн титан суулгуулсныхаа дараа хүнд цохиулаад хөдөлгөчихсөн байсан.
- Тэгвэл ямар үндэслэлээр халж байгаа юм бэ?
- Гурван үндэслэлээр халагдаж байгаа.
1. Үйлчлүүлэгчтэй зүй бус харьцсан. Ёс суртахууны доголдол гаргасан.
2. Үйлчлүүлэгчээс бэлэн мөнгө авсан.
3. Эмнэлгийн баримт дур мэдэн ашигласан гэх үндэслэлүүдээр халагдаж байна гэсэн юм.
Ж.Болор-Эрдэнэ Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
энэ хэзээний нийтлэл юм бээ? он сар өдрийн тавьж байвал зүгээр байнаа