Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэн Г.Цэрэндаш: ”Залуучууд нийгмийн оролцоотой байж өөрсдийгөө хөгжүүлээсэй“

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

 

 Монголын оюутан залуусын төлөөлөл болж яваа 2011 оны МУ-ын  Шилдэг оюутан Г.Пүрэвдашийг редакцийн зочноор урилаа. Тэрээр өчигдөрхөн  Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарсан юм.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг  Г. Цэрэндаш гэдэг. ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн Маркетинг, менежментийн ангид сурдаг. Төв аймгийн Баян-Өндөр сумын харьяат. Төв аймагтаа дунд сургуулиа 2008 онд төгсөөд тэр жилдээ  ХААИС-ийн оюутан болоод ирж байлаа.
- Арван жилдээ ямар сурагч байв?  Одоо хичээлийн хажуугаар олон нийтийн ажилд хэр оролцдог вэ?
-Сургуульд байхдаа олон нийтийн ажилд сайн оролцдог, даруу төлөв хүүхэд байсан. Би хүүхдийн байгууллагаар дамжин, залуучуудын байгууллагаар хүмүүжиж байгаа  энгийн оюутан гэж өөрийгөө хэлэх дуртай.  Хүүхэд байхдаа нийгмийн идэвх ямар байна, оюутан болсон ч тэр эрчээ алддаггүй юм байна лээ. Одоогоор Төв аймгийн Оюутан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ХААИС-ийн Оюутны холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хариуцсан хөтөлбөрийн эрхлэгч, мөн Хөгжлийн түүчээ сан гээд залуучуудын дунд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн. Мөн Хөгжлийн түүчээ сангийн дэргэдэх Түүчээ бүлгэм гэж байдаг. Тэр бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр дахь жилдээ ажиллаж байна.
-ХААИС-ын ОХ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хариуцсан хөтөлбөрийн эрхлэгчийн хувьд сургуулийнхаа оюутны холбооны хийж байгаа ажлын талаар ярьж өгөөч?
-Манай сургуулийн оюутны холбоо энэ жил шинэчлэгдээд байгаа. Оюутны холбооны зүгээс “Оролцоотой оюутны жил“ аяныг зарласан. Энэ ажлынхаа хүрээнд оюутнуудыгаа хөгжүүлэхээр төлөвлөөд хэрэгжүүлж эхлээд байна.  Мөн 2015 он хүртэл “ Оюуны хөгжил “ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил “Эх орны сургууль, миний мэргэжил“  аяныг ХААИС-ийн захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Энэ аян үргэлжлээд өнөөдөр зүүн бүсийн аймгууд руу замдаа гарах гэж байна. Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь гэсэн аймгуудад үргэлжилнэ.


 

-Аяныхаа гол зорилго болон хугацааны талаар?
-Аяны зорилго улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын мэргэжил сонголттой холбоотой. Ерөнхий шалгалт ойртсонтой холбогдуулан мэргэжлийн зөв чиг баримжаа олгоход оршиж байгаа. 2011 оны 04 сарын 14-өөс 2011 оны 04 сарын 28 хүртэл үргэлжилнэ.
-Баруун талын аймгууд руу явах уу?
-Өнгөрсөн жил баруун аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн. Тухайн аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газартай хамтран ажилладаг.
-Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарлаа. Мөн Монголын шилдэг оюутан болсон гээд амжилтын богц дүүрэн байгаа юм байна. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Энэ шагналыг авч чадсандаа баяртай байна. Оюутан залуучуудыг урамшуулах, цаашид суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор МУ-ын Засгийн газраас сүүлийн жилүүдэд анхаарч байгаа. Монголд хамгийн том гэж хэлж болох хоёр тэтгэлэг байдаг. Нэг нь Ерөнхийлөгчийн нэрэмжит, нөгөө нь Ерөнхий сайдын нэрэмжит гэсэн тэтгэлэг байдаг. Тийм ч учраас шалгуур өндөр, жилдээ нэг л удаа олгодог юм байна лээ. Нийгмийн идэвх зүтгэлтэй, олон нийтийн байгууллагад ажилладаг, сурлага хөдөлмөрөөрөө өндөр амжилт гарган, улс бүсийн уралдаанд амжилттай оролцсон оюутанд олгодог. Энэ жилийн хувьд 32 оюутан уг тэтгэлгийн эзэн болсон.

-Уг шагналыг хэзээнээс эхлэн олгож эхэлсэн юм бол?
-2000 оны Боловсролын яамны сайдын тушаалаар олгогдож эхэлсэн гэж ярьдаг.
-Танай сургуулиас өмнө нь энэ тэтгэлэгт хичнээн оюутан хамрагдаж байсан бэ?
-Өөр бусад тэтгэлэгт хамрагдаж байсан оюутнууд олон бий. Яг энэ тэтгэлэгт гурван оюутан хамрагдсан байдаг. Шагналынхаа үнэ цэнийг алдагдуулахгүй улам бататгахын төлөө хичээх болно.
-Энэ мэргэжил чиний багын мөрөөдөл байв уу? Аль эсвэл гэр бүлийнхний санаа бодол нөлөөлсөн үү?
-Уг нь би эмч болно гэж боддог байсан. 10-р ангиа төгсөөд  ЭМШУИС-д сурах эрх авсан. Мэргэжил сонголтонд  гэр бүлийнхний нөлөөлөл байсан. Олон жил сурна гэдэг ч юм уу. Тэгээд л энэ мэргэжлээр сонгон суралцаж байна.

-Цаашдын зорилгынхоо талаар ярихгүй юу?
-Би одоо маркетинг  менежментийн чиглэлээр суралцдаг.  Энэ чиглэлээрээ гүнзгийрэхээс гадна хуульч болно гэсэн бодолтой байгаа.  Нэг мэргэжилтэй байснаас  хос мэргэжилтэй байвал цаашид нийгэм талдаа илүү ихийг хийж, сурч хөдөлмөрлөнө. Тийм ч учраас бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлээр амжилттай суралцаж байна.
-Монголын залуучуудын талаар юу гэж боддог вэ? Тэдэнд хандаад юу гэж уриалмаар байна?
-Сүүлийн үед залуучууд дор бүрнээ хичээн хөдөлмөрлөж, олон улсын  жишигт нийцсэн боловсрол эзэмших юмсан гэж боддог болсон байна. Оюутнууд өөрийгөө хөгжүүлэхээс гадна нийгмийн идэвх оролцоогоо илүү нэмэгдүүлж дадлагажвал зүгээр гэж боддог. Одоогийн оюутнуудыг харж байхад зарим залуучууд маань арай дэндүү урсгалаараа яваад байгаа юм шиг санагддаг. Өглөө хичээлдээ явлаа, орой гэртээ ирлээ, өглөө хичээлдээ явлаа гэдэг ч юм уу. Энэ зуршлаасаа татгалзаасай. Нөгөө талаас өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаардаг болсон нь сайшаалтай. Олон нийтийн байгууллагын зүгээс  оюутнууд руугаа хандсан үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдэнд боломж  олгон, зөв таниулж чадвал оюутнуудыг хөгжүүлж чадах байх гэсэн бодолтой байдаг . Залуучууд маань нийгмийн идэвх оролцоотой байж, өөрөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү анхаараасай.
Ярилцсан: www.zindaa.mn Б. Даваахүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top