АТГ-аас нэгтгэн гаргадаг төрийн өндөр албан тушаалтнуудын 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гарчээ. Хэдийгээр хүний халаасыг тэмтэрч, хөнжлийг нь сөхөх шиг муухай зүйл үгүй. Хэн нэгний хөрөнгө мөнгөнд атаархах бүр ч муухай. Эдгээр муухай бүхний мөнхийн “бай” байх сонголт хийсэн хүмүүс бол улс төрчид. Ийм ачааг даах нь улс төрч байхын нэг шалгуур билээ. Тиймээс л төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлого өнгөрсөн жилийнхээс өссөн үү, буурсан уу гэдгийг сонирхохоор шийдсэн юм. Ингээд УИХ-ын 76 гишүүнийг хөрөнгө орлогынх нь хэмжээгээр “хамгийн” гэх дараалалд орууллаа. 2010 оны байдлаар эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүлж, УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 21.590.0 төгрөгийн орлоготойгоор сүүл мушгижээ.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гэр бүлийн жилийн орлого 4 тэрбум 20 сая 164 мянган төгрөг гэж байгаа бол ЭМ-ийн сайд С.Ламбаагийн жилийн орлого 21 сая 590 мянган төгрөг юм байна.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн орлого огцом өсөх болсон шалтгаан “Сауд гоби блейк гоулд” ХХК зэргээр уул уурхайн бизнест хөл тавьсантай холбоотой бололтой. Хөрөнгө орлогоороо эхний аравт хэн хэн багтаж байгааг ч бас сонирхож үзлээ. Өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан УИХ-ын гишүүн Д.Зоригтын халаас нэлээд нимгэрч 26 тэрбумаас нэг тэрбум 359 сая 819 мянга 400 төгрөг болтлоо буурсан байх юм. Магадгүй өмнө нь хувь эзэмшдэг байсан “Монгол шуудан” банк татан буугдаж 100 хувь эзэмшлийнх нь “Скай нэтворк”, Сансрын геологи хайгуулын компаниуд нь хасагдсантай холбоотой ажээ. Ингээд жагсаалтын эхний 10 байрт УИХ-ын эрхэм гишүүдээс хэн хэн бэл чинээгээрээ гайхуулсныг жагсааж үзье. Гутгаар байрт УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гэр бүлийн жилийн орлого 955 сая 535 мянган төгрөг болж өмнөх жилийнхээсээ 598 сая 798 мянга 800 төгрөгөөр өсчээ. Удаах байрт УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын гэр бүл 595 сая 933 мянга 400, УИХ-ын гишүүн ЗТАЖ-ын сайд Х.Баттулга 427 сая 484 мянга, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр 425 сая 373 мянга 800,УИХ-ын гишүүн Г.Батхүү 365 сая 462 мянга 700, УИХ-ын гишүүн Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 286 сая, УИХ-ын гишүүн БХ-ын сайд Л.Болд 159 сая 105 мянга 600, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл 131 сая 54 мянга 500 төгрөгөөр тус тус хөрөнгө чинээгээрээ эхний 10 байрт жагсчээ. Эндээс үзэхэд УИХ-д МАН-аас хоёр, Ардчилсан намаас найман гишүүн хөрөнгө бэлээрээ бусдаас илүүрхэж байна. Хэдийгээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд 2006 оноос эхлэн хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг жил бүр АТГ-т гаргаж өгдөг ч гэлээ үүнийг нягтлах, албан тушаалтнуудыг үнэн зөв гаргаж өгөх тал дээр хяналт шалтгалт дутмаг хэвээр байна. Өнгөрсөн жилийн хувьд цөөн тооны төрийн албан тушаалтнуудыг туршилтын журмаар шалгасныг эс тооцвол шүү дээ. Магадгүй УИХ-ын гишүүний дархан эрхэнд халдаж зүрхэлдэггүй учраас АТГ-ынхан жижүүрийн ажлаа ийнхүү ээлж өнгөрүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ийм ээлж өнгөрүүлсэн, жижүүрийн байдлаар асуудалд хандсан зарим мэдээллээс хэдхэн жишээг хүргэе. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл жилийнхээ орлогоор эхний 10 байрт орсон ч одоо болтол хөл залгах унаагүй, Монгол Улсын иргэний хувьд хуулиар олгогдсон 0.7 га газраа ч эзэмшдэггүй нэгэн байх юм. Ер нь УИХ-ын 76 гишүүн дотор хуулиар олгогдсон эзэмших ёстой 0.7 га газрыг ашигладаг нь ховор бололтой. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр жилд тэрбум гаруй төгрөгийн орлоготой ч одоо болтол орон сууцанд амьдардаггүй гэнэ. Бодвол түрээсийн байранд амьдардаг байж таарах нь. Бас жил бүр хэдэн саяар үнэлэгдэх бэлгийг УИХ-ын эрхэм гишүүнд тал засч өгдөг нөхөр ч байх юм. УИХ-ын шударга гишүүдийн нэг гэгддэг Х.Тэмүүжинд жил бүр иргэн Ж.Жаргалсайхан 20-43 сая төгрөгийг зүгээр л бэлэглэдэг бололтой. Энэ нь нэг талаараа алба гувчуур гэж үзэх үү, аль эсвэл авлига гэх үү.
АТГ-ынхан авсан өгснийг шалгадаг байгууллага. Гэтэл нүдэн дээр нь Авлигатай тэмцэх тухай хуулийг нь зөрчөөд байхад амаа ангайгаад сууж байдаг АТГ-ынхан ажлаа сайн хийж сурмаар юм шиг ээ. Бас болоогүй ээ, хөрөнгө чинээгээрээ толгой цохисон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн жил бүр нутгийнхаа иргэдээс мөнгөн аяга, бүрэн тоногтой эмээл хазаарыг бэлгэнд авдаг ажээ. Түүнээс гадна өмнөх өрөө төлдөггүй луу унждаг хүмүүс ч УИХ-ын 76 гишүүн дунд байна. Өнгөрсөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээр УИХ-ын гишүүн З.Энхболд Төрийн сургалтын санд төлөх 44 сая 512 мянган төгрөгөө барагдуулаагүй аж. Төрийн түшээ ингэж өрөө төлөөгүй байхад Монголын малчид байдаг малаа банкны өрөнд тавиад суух нь аргагүй биз дээ. Эрхэм төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын энэ мэт зөрүүтэй мэдүүлэг, сонирхолтой харьцуулалтыг уншигчдадаа цувралаар хүргэх болно.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Сэтгэгдэл ( 0 )