Ирэх жил 30 сургууль хичээлээ Кембрижийн стандартаар заана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараахан дэлхийн шилдэг боловсролын эталонд тооцогддог Кембрижийн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын эхний үр дүнг тодорхойлж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115-р сургууль дээр  Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны дунд сургуулийг өнгөрсөн оны өдийд байгуулснаар "Шинэ эрин" хэмээх сургууль үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн олон улсын шалгалтын төв хороонд Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийн талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. ХХI зуунд Монгол Улс, Монгол хүнээ олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоонд оруулах том ажлын эхлэлийг тавьж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод манай монгол хүүхэд сургуулиа төгсөөд Харвардын их сургуульд очиход Кембрижийн стандартын гэрчилгээтэй, шууд элсэн орж чаддаг байх ёстой. Ийм боломжийн төлөө Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ амлалаа. “Шинэ эрин” лаборатори дунд сургууль шиг ийм 30 сургууль ирэх хичээлийн жилээс сургалтаа эхэлнэ. Улсын хэмжээний бүх сургуулийн тав болон аравдугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг Кембрижийн стандартаар явуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хангаж байгаа аж.  

Эх сурвалж : Нийслэл Таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top