Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. НХХЯ, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан 2011 оны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцах боллоо. Мөн гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдийн мэргэжлийн ур чадварыг үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд ажиллах хүч илгээх үйлчилгээг БНСУ-ын “Хөдөлмөрийн хууль”-тай нийцүүлэн төрийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь БНСУ-д илгээх ажиллах хүчний зуучлал, сургалтаас гадна тэнд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд үйлчлэн даатгал, зуучлал, түр сургалт зохион байгуулах, эмэгтэйчүүд, хүний эрхийн асуудлаар “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлнэ. “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК нь нэг иргэнээс бүртгэл, сургалт, үйлчилгээ, зуучлал БНСУ дахь төлөөлөгчийн газрын зардал, тийз, виз, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ гээд нийт 870 ам.долларын хураамж авдаг. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар сургалт, үйлчилгээ, төлөөлөгчийн газрын зардал болох 350 ам.долларыг иргэдээс авахгүй бөгөөд ингэснээр нэг хүний зардал 520 ам.доллар болж буурах юм.
Эх сурвалж. “Өглөөний сонин”
Сэтгэгдэл ( 0 )