Ц.Мөнхбаяр нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын багийн Засаг дарга О.Самбуу-Ёндон, Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Төмөрбаатар, “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Г.Баяраа нарыг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болжээ. Гэвч шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг байгууллагын эд хөрөнгө рүү буудан, халдсан шалтгааныг нарийн тогтоох шаардлагатай хэмээн үзэж мөрдөн байцаалтад буцаасан байна. Энэ хурлын анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын 30-нд болох ёстой байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж дуусаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон юм. Шүүх хуралд улсын яллагчаар оролцсон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Чагдар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар, нийтэд аюултай аргаар буюу галт зэвсэг хэрэглэж устгасан” гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн. Харин энэ хэргийг хянаж байсан прокурор Г.Чагдар хөдөө ажил гарсан гэдэг шалтгаанаар хэргийг прокурор н.Энхбатад шилжүүлжээ. Ингэснээр даваа гарагт болсон шүүх хуралд улсын яллагчаар н.Энхбат оролцсон байна. Улсын яллагчийн зүгээс Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарыг зургаан жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top