ЖДҮ-ийг дэмжих ажилд шүүмжлэлтэй хандав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг сонсож дүгнэсэн юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай хийв. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хувьд Засгийн газраас өгсөн үндсэн чиглэлүүд үндсэндээ хийгдсэн гэдгийг салбарын сайд нь хэлж байна. Харин хөдөө аж ахуй, газар тариалангийнсалбарт шаардлагатай байгаа бага оврын техник хүлээгдэж буйг хэлэв. Бага оврын техникийн тариаланчдад 12 мянган ширхэг, хадлан бэлдэхэд найман мянган ширхгийг өгөхөөр төлөвлөсөн аж. Гэвч хөрөнгө оруулалт нь өөрчлөгдсөн учраас энэхүү ажил хүлээгдэхэд хүрчээ. Мөн хүнсний баталгаат лаборатори, усан хангамжийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж байлаа. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд 50 хувийн биелэлттэй 17 асуудал байгаа аж. Эдгээрийн хөрөнгийн асуудлыг нь шийдээгүйгээс болоод хэрэгжих магадлал муу байгаа юм байна. Тухайлбал, аюултай хог хаягдлын боловсруулах объект барихад 25-30 сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Түүнээс гадна хот суурины усан хангамж , Туул голын эргийн хамгаалалтад тодорхой хэмжээний хөрөнгийн асуудал тулгарчээ. Харин тус байнгын хорооны гишүүд үйлдвэржүүлэлт, тэр дундаа жижиг дунд үйлдвэр, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлийн биелэлтийг илүүтэй сонирхож байв. Ялангуяа ЖДҮ-ийг дэмжих ажлын биелэлтэд нэлээн шүүмжлэлтэй хандаж байв. Харин ЖДҮ-ийг дэмжих газрын дарга Ц.Ням-Осор тус сангаас 3051 аж ахуйн нэгжид хөрөнгийн дэмжлэг үзүүлж, 11 мянган хүнийг ажлын байртай болгосон хэмээн тайлбарлаж байсан юм.

Эх сурвалж. Нийслэл таймс  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top