Нөөцийн мах зах зээлээс шахагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Хүнсний захуудад махны үнэ буурч, нөөцийн махны эрэлт багасчээ. Нийслэлчүүдийг махны хомсдолд оруулахгүй, үнийн хөөрөгдлийг барих зорилгоор энэ жил 12 мянган тонн махыг нөөцөлж, нэгдүгээр сараас худалдаанд гаргасан. Энэ үед нөөцийн махны борлуулалт өндөр, эрэлт хэрэгцээ ч их байв. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл хүнсний захуудад махны үнэ огцом буурч, нөөцийнхөөс хямд болжээ. Өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр хонины мах 2700-2900, үхрийн мах 3000-3200, ямааны мах 2000-2200 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Гэтэл нөөцийн хонины мах 3000, үхрийн мах 3500, ямааны мах 2600 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Эндээс харахад нөөцийн мах 300-600 төгрөгөөр үнэтэй зарагдаж байна. Сүүлийн үед хөдөө орон нутгаас мах их хэмжээгээр орж ирж байгаа, мөн хувь хүмүүсийн нөөцөлсөн мах ч гарч ирж байгаа нь махны үнэд нөлөөлж буй. Монголчууд махгүй л бол амьдарч чадахгүй хүмүүс. Тиймээс махны үнэ бага байх тусмаа сайн. Зах дээрх махны үнэ хямдраад байхад нөөцийн махны үнэ хэвээрээ байгаа нь утгагүй юм. Иймээснөөцийн махны үнийг буулгахгүй бол худалдаж авах хүн олдохгүй, борлуулалт зогсоход хүрснийг холбогдох албаныханд дуулгахад илүүдэхгүй биз ээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top