Ардчилсан намыг тойрон эргэлдэх олон холбоо хөдөлгөөн, тэдгээрийн хоорондын харилцаа сүүлийн үед хүмүүст тун ойлгомжгүй болоод байна. Улс төрийн ууган хүчин гэгддэг Ардчилсан холбоо бол ялсан баатар шиг тайван нойрссоор удаж байгаа. Тэнд ямар нэг улс төрийн идэвх алга болсон. 1990 оны ардчилсан хувьсгалын дараахан С.Зориг агсан “Ардчилсан холбоо нь шинэ цагийн хувьсгалт өөрчлөлтийг авчирсан түүхэн гавъяатай. Энэ түүхэн үүргээ нэгэнт биелүүлсэн учраас татан буугдсан ч болно” гэж байлаа. Гэвч партизанууд үүнд дургүйцэж байлаа. Ямар ч зохион байгуулалтаар хамаагүй аваад үлдэхийг хичээсэн бөгөөд өдгөө ийн үлгэн салган нэг юмыг тээж яваа юм. Одоогийн дарга нь “Женко” Х.Баттулга. Мөнгө ихтэй тул тус холбооны байрыг Ардчиллын ордон болгож бүхэлд нь засч шинэчилсэнийг эс тооцвол үнэндээ олон нийтийн дунд юу ч хийгээгүй. Хааяа АН-ын захиалгаар нийгэм улс төрийн маргаантай, тулгамдсан зарим асуудлаар мэдэгдэл гаргахаар өөрийг эс хийнэ. Тиймээс улс төрийн хоббитонгууд “Нойрсож буй холбоо” гэдэг болсон. Тус холбооноос Ганзориг, Мандала, улс төр судлаач Эрдэнэ-Туул, өмгөөлөгч Ч.Энхээ зэрэг олон хүн салан тусгаарлаж, саяхан шинээр эмхлэн байгуулагдаад байгаа МАХН-д дагаар орсон нь бас томоохон цохилт болов бололтой. Одоо Ардчилсан холбооны дээд удирдлага буюу Х.Баттулга тэргүүтнүүд хувийн амбицаа хөөсөөр, дараагийн сонгуульд ялахын тулд холбооныхоо хэдэн партизанаас хэн нь хаана явааг бүртгэх төдийхнөөр ажиллаж байгаа сурагтай. Ардчиллын 20 жилийн ойгоор хаалгачаас нь эхлээд одон тэмдэг зүүж энгэрийг нь мялаасан Х.Баттулга тэднийг дуртай үедээ залж чадах тул тийнхүү “нойрсож” хэвтэхээс яахав. Ийм үхээнц байдлыг нь далимдуулсан гэмээр нэг том үзэгдэл өнгөрөгч онд тохиосон нь 3.Энхболд гишүүн Ардчилсан Хүчний Холбоо хэмээх өөрийн байгууллагаа Ардчилсан холбооны гүн нойрон дунд байгуулаад авсан явдал юм. Үүнд цочирдсон Х.Баттулга, Э.Бат-Үүл нар “Ардчилсан намыг хагалан бутаргах ажил зохион байгуулж байна” гэж З.Энхболд руу удаа дараалан дайрсан боловч ямар ч амжилт олсонгүй. Ёстой нөгөө “Жингийн цуваа явдагаараа явж, жингэр нохой хуцдагаараа хуцаж байна” гэдэг шиг л юм болжээ. Ардчилсан хүчний холбоо нь “Монголоо шинэчлэе” гэсэн уриатай. Тус холбоонд аль ч =намын гишүүн элсэх боломжтойгоороо Ардчилсан холбооноос ялгаатай. “Алтан гадас” нийгэмлэгээс ч бас нэлээд өөр зохион байгуулалтай юм. Монгол улсын бүх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа хамгийн доод нэгж буюу “Сонирхолын бүлэг”-ээрээ дамжуулан бүтээн байгуулалтын болон улс төрийн тодорхой ажлуудыг хийх зорилготой. Мөн цаад санаа нь АН-ын төр засагт эзлэх хамаг өндөрлөг албан тушаалуудыг атгасан “Алтангадас”-ыг алсдаа нугаслахад чиглэсэн гэх хүн ч цөөнгүй бий. Магадгүй л юм. Улс төрд ямар найз гэж байх биш. Өрсөлдөөнд ялж л байвал хэний хэн байх нь төдийлөн хамаагүй гэсэн бичигдээгүй хууль үйлдэг хойно доо. Тиймээс ч өнгөрөгч намар Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд “Би намын дарга болно” гэж баахан цанхаалж давхисан.
“Алтангадас”-ын хувьд одоо нэгэнт үеэ өнгөрөөж байна. Нөгөө л Гончигоо, Алтанхуяг, Амаржаргалууд. Эдгээр улиг болсон нөхдөөс улс төрийн шинэлэг шийдэл, зоримог алхам үзэгдэхээ больсон. Өөрөөр хэлбэл тэд удахгүй АН-ын түүх, биет үзмэр болоод үлдэх төлөвтэй болжээ. Ямартаа л Ардчилсан хүчний холбооны далд хатгаасаар үе үе АН-ын дарга Н.Алтанхуягийг хусч хаях аян өргөж байхав. 2012 оны сонгуулийн өмнө ийм давалгаанд Н.Алтанхуяг дахиад хүндхэн цохилт авах байх. Аягүй бол бүр “үхлийн цохилт” авч намын даргаас мултарч мэднэ. Ийм хорыг З.Энхболд хэзээ яаж гүйлгэхээ дэндүү сайн мэдэж, тун урнаар зохион байгуулна. Түүний ийм найруулгад Ардчилсан холбооны зүгээс ямар ч саад тотгор учруулж чадахгүй. Харин АН-ын дэргэдэх “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” гэдэг байгууллага сүүлийн үед гэр хорооллыг барилгажуулахдаа иргэдийн эзэмшил газрыг шууд байраар солих тухай мэдэгдлийг Ерөнхий сайдад хүргүүлж, эс биелүүлсэн тохиолдолд огцор хэмээн хашгирч эхэллээ. Хасбаатар тэргүүтэй тус холбооноос олон хүн З.Энхболдтой нэгдээд байгаа болохоор бас АН-ын даргыг хусах аянд хэзээ ч хамтран оролцоход бэлэн байгаа юм. Н.Алтанхуягийн “Алтан гадас” ийнхүү хүндхэн тулааны эхэнд бус харин оргил үе рүүгээ тулаад ирлээ. 2010 онд тэд нэлээд барцадтай байсан. Ардчилсан хүчний холбооны тэргүүлэгчдийн нэг С.Эрдэнэ Н.Алтанхуягийн “Тагнаж чагнасан” гэх хэрүүлийн алимыг үмхэж аваад золтой л багалзуурдаад хаячихаагүй. Н.Алтанхуяг Ардчилсан хүчний холбооны гол төлөөлөл болсон С.Эрдэнэ рүү намынхаа ҮЗХ-ны хурал дээр дайрч давшлан “Чи Н.Энхбаяртай олон удаа уулзаж, юу ярьж байсаныг би мэднэ” гээд хэлчихсэн нь гал дээр тос хаяхтай адил болсон юм. Энэ нь зөвхөн хоёр хүний хоорондын маргаан бус “Алтан гадас”, “Ардчилсан хүчний холбоо” хоёрын хурц тэмцлийн эхлэл байсан болов уу. Цаашаа энэ тулаан хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна. АН-ын дэргэдэх эдгээр холбоод хэзээ ч хоорондоо эв зүйгээ олохгүй бололтой. Ил далд тэмцэл нь сонгууль ойртох тусам улам ширүүсэх төлөвтэй ажээ.
Я.Ымербек.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )