Үймээний үеэр С.Баяр 10 хүртэл хүн буудаж болно гэж...

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

 
    2008 оны 7 сарын 1-ний хар өдөр 5 иргэн амиа алдаж, 500 гаруй цагдаа эрэмдэг зэрэмдэг болсон билээ. Үймээний үеэр өөр олон хохирол учирсан. Цагдаагийн удирдлагуудыг энэ хэргийн улмаас дахин мөрдөн шалгаж байгаа. Харамсалтай нь төр, засгийн зүгээс тухайн өдрийн хэргийн талаар улс төр, эрх зүйн дүгнэлт гаргаж чадахгүй байна. Олигархижсан төр засаг данхайж байгаа тул хүсэхгүй байж ч магадгүй юм. Сүүлдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр хоёрын хоорондын өс хонзонгийн шоглоом болоод өнгөрөх төлөв ажиглагдаж эхэллээ. Н.Энхбаяр нь тэр үед онц байдал тогтоохыг С.Баяр надад тулгаад байснаас биш, үймээнийг өөрөөр зохицуулж болох байсан мэтээр мэдэгдсэн. С.Баяр нь ч “25 дугаар суваг” телевизэд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаярынхаа будилж, эндүүрч буйг гайхан өгүүлж байв. Гэтэл саяхнаас зарим иргэний хөдөлгөөнийхөн 7 сарын 1-ний хэргийг Олон улсын ГААГ-ын шүүхэд өгч шийдүүлэх талаар мэдээлэх боллоо. Тэдний нэг хэсэг нь, бас тэгж ярих юм бол үймээний шөнө С.Баяр цагдаагийн дарга нартай уулзаад “10-ын дотор хүн буудсан ч яадаг юм бэ” хэмээн шазуур зуун ярьсан тухай шуугиж байна. Үнэн л байгаа даа, бурхан минь. С.Баярын өөрийнх нь мэдэгдсэнээр байлдааны зориулалттай бууны сумнаас гадна жижиг калибрийн бууны суманд оногдсон хүн ч бий гэнэ. Ер нь учир битүүлэг олон зүйл хариултаа хүлээсээр байна. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Галдаа гуай саяхан “Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас дахин мэдүүлэг авна. Одоогоор тэднийг бид албан ёсоор дуудаагүй байна” гэсэн. Ер нь маш нарийн нягтлан шалгах нь тэдний хувьд хамгийн чухал бөгөөд бас тун адармаатай ажил хэвээрээ байгаа юм.
      Э.Оргил. Zindaa.mn                                                                                      
                                                                                            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top