Ц.Элбэгдорж шүүх эрх мэдэлтнүүдэд “өөх”-нөөсөө сал хэмээн шаардлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16


Улс төрийн амьдралд нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудын нэг нь  яах аргагүй Ерөнхийлөгч. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх гарч ирэхдээ шударга ёсны төлөө уриа дэвшүүлэн “Авлига, хээл хахууль Монголыг муухай харагдуулж байна. Энэ өдрөөс эхлэн үүнд цэг тавья” гэж мэдэгдэж байлаа. Түрүүчийн гурван Ерөнхийлөгчийн амнаас ийм шулуухан үг гарч байгаагүй болохоор энэ нь их л содон сонсогдож хүмүүст бага ч гэсэн итгэл төрүүлсэн биз. Гэвч түүнийг ажлаа аваад хоёр жил өнгөрөхөд авлига харин буурсангүй. Үүнийг олон нийтийн байгууллагууд болон АТГ-аас хийсэн судалгааны дүн бэлхнээ харуулж байна. Авлига хамгийн ихээр бугшсан газрын тоонд урьдын адил шүүх, прокурорын байгууллага бичигдээд байгаа. Тиймээс энэ оны 4 дүгээр сарын 14-нд эхэлсэн “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг цаг орчим үг хэллээ. Тэрээр шүүх эрх мэдлийн байгууллагын өнөөгийн байдлыг хатуухан шүүмжилсэн юм.
“Хэрэг наймаалдаг, гэмт хэргийн араас том мөнгөн дээр ажилладаг зохион байгуулалттай гинжин холбоонд цагдаа, шүүгч, прокурор, өмгөөлөгч нар яваад орчихсон байна. Энэ өдрөөс эхлээд өнгө мөнгөнд шунасан үзэгдэлд цэг тавъя. Олон нийт маань авлига, хариуцлагагүй явдалд дургүйцэж байгаа. Ард түмэн дүргүйцсэн юмаа өөрчилж чаддаг юм шүү. Өнөөдөр төр, засаг шударга бүхний үлгэр жишээ байх ёстой. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Төрийн албан хаагчид шударга ёсонд өдөр тутам суралцаж байх хэрэгтэй. Шударга ёс бол хүмүүст тодорхой харагдаж байдаг, үр дүн нь бодитой гардаг зүйл” гээд шударга бус үзэгдлийг өөхөлж таргалсан хүнтэй зүйрлэсэн юм. Түүний хэлснээр бол тэрхүү “өөх”-нөөсөө салахын тулд хүн өглөө бүр биеийн тамирын дасгал хийдэг шиг уйгагүй ажиллах нь төрийн албан хаагчид, ялангуяа шүүх эрх мэдэлтнүүдийн ёс зүйн томоохон шалгуур болох ажээ.
                                                                                    
                                                                                     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top