Нууцлагдмал ХДХВ/ДОХ-ын эрсдэл нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 15

Манай улсад ХДХВ ДОХ-ын халдварын 90 тохиолдол бүртгэгдээд байна. Он гарснаас хойш долоон хүн халдвар тээгч болохыг шинжилгээгээр тогтоожээ. Анх 2-3 жилд нэг, хоёр тохиолдол илэрдэг байсан бол 2000 оны дундаас эрс нэмэгдсэн тоон үзүүлэлтүүдийг ХӨСҮТ-ийн мэдээнээс харж болно. Ийнхүү халдварын тохиолдол эрс өсч байгааг эмч, мэргэжилтнүүд тайлбарлахдаа, сүүлийн жилүүдэд ХДХВ ДОХ-ын шинжилгээнд сайн дураар хамрагдах хүний тоо нэмэгдсэнтэй холбодог. Харин нөгөө талаар илэрсэн тохиолдол бүр  Монголд ХДХВ ДОХ-ын халдварын тархалт бага биш нууцлагдмал байгааг сануулна. ДЭМБ-ын тооцоогоор манай улсад ХДХВ -ын халдвар тээгч 500 орчим хүн байгаа аж. Харин Монголд саяхан ирээд буцсан Европын холбооны хэсэг эмч нар 90 мянган хүн халдвартай байхыг үгүйсгэх аргагүй гэсэн нь эрүүл мэндийн салбарынхныг түгшээсэн байна. Ер нь халдварын тоо бага орны тоонд багтдаг гээд санаа амар суух биш, эрсдэл өндөртэйд тооцогддогоо ухамсарлаж, хаана хаанаа хариуцлагатай хандах хэрэгтэйг тоо баримтууд анхааруулсаар. Тухайлбал, ХДХВ ба ДОХ-ын 90 тохиолдол бүртгэгдсэний 12 нь нас барж, 35 хүн ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байна. 35 хүний халдвар  ДОХ-ын шатандаа шилжсэн гэсэн үг. Халдвартай хүмүүсийн тав нь 15-19 насныхан. Харин 16 нь 20-24, 25 нь 25-29, 15 нь 30-34 насныхан байгаа бол 35-44 насны 26 хүн халдвар авчээ. 46-аас дээш насны 3 хүн бий. Эндээс харахад ид хийж бүтээх насны залуучууд халдвар тээгчдийн дийлэнх хувийг эзэлж байна. Өсвөр насны хүүхэд ч халдвар авсан нь аюулын харанга дэлдэнэ. Халдвар тээгчдийн 71 нь буюу 79.8 хувь нь эрэгтэй, тэдний 84.3 хувь нь ЭБЭ юм.  20.2   хувийг эзэлж байгаа 18 эмэгтэйн 55.6 хувь нь биеэ үнэлэгч.  ЭБЭ буюу  эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, биеэ үнэлэгч эмэгтэйчүүд халдвар авах эрсдэлт бүлэгт багтдаг нь хэр бодитойг иймэрхүү тоон үзүүлэлтээс нь харж болно. Түүнчлэн халдвартай иргэдийн 56 нь гэр бүлгүй, 11 нь салсан, 17 нь гэр бүлтэй, тав нь хамтран амьдрагчтай.  Эхний жилүүдэд бүртгэгдсэн тохиолдлууд голдуу гэр бүлгүй хүмүүсийн дундаас илэрч байсан байж. Гэтэл сүүлийн үед гэр бүлтэй, тогтсон амьдралтай хүнээс илэрч байгааг анхаарлын гадна орхиж боломгүй. Хөдөлмөр эрхлэлт, боловсролын хувьд халдвартай нь оношлогдох үед 27 хүн нь ажилтай, 42 нь ажилгүй, 11 нь оюутан, ес нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байж. Ихэнх нь буюу 30 гаруй хувь нь дээд боловсролтой. Өдгөө халдвар тээгчдийн  дөрөв нь гадаадад амьдарч байгаа бол 61 нь Улаанбаатар, 12 нь орон нутгийн эмчийн хяналтанд байна. ХДХВ/ ДОХ-ын халдварын улмаас гурван хүүхэд бүтэн өнчин хоцорсон бол 15 хүн хөдөлмөрийн чадваргүй болжээ. Халдвартай хүмүүсийн гэр бүлд 32 хүүхэд амьдарч байгаагийн 17 нь 15-аас доош насныхан. Үүний зэрэгцээ ХДХВ-ын халдвартай дөрвөн эхээс төрсөн хүүхдүүд байгаа бөгөөд шинжилгээгээр эрүүл гарчээ. Дөрвөн ээжийн нэг нь эмчийн хяналтанд оролгүй явсаар төрөх үедээ халдвар тээгч гэдгээ мэдсэн байна. Гэхдээ азаар хүүхэд нь халдваргүй төржээ. Саяхан халдвартай хоёр ээж  хүүхдээ төрүүлээд байна. Хүүхэд нярай байгаа учир шинжилгээний дүн хараахан гарах болоогүй. ХДХВ/ДОХ-ын халдвар дамжих олон зам бий. Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхээс хүүхдэд, хөхний сүүгээр, бэлгийн замаар гэхчилэн. Манай улсад илэрсэн 90 тохиолдол 100 хувь бэлгийн замаар дамжжээ. Хамгийн ноцтой нь сүүлийн жилүүдэд Монголд БЗДХ эрс нэмэгдсэн байна. “Сар бүрийн дүнгээр үргэлж өссөн үзүүлэлт гардаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6000 гаруй халдварт өвчин гарсны 30 хувь нь бэлгийн замаар дамжих халварт өвчин. Гэтэл БЗДХ их байгаа нь ХДХВ /ДОХ-ын халдвар тархах таатай “хөрс” болдог учир сэтгэл түгшээх үзүүлэлт” хэмээн ХӨСҮТ-ийн эмч нар санаа зовнин ярьж байна. Нөгөөтэйгүүр шилжилт хөдөлгөөн, хилийн чанадыг зорих, ирэх урсгал нэмэгдсэн энэ үед ХДХВ/ДОХ-ын халдвар тархах эрсдэл нэмэгдсээр. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 24 нь гадаадад амьдарч байх хугацаандаа, тав нь Монголд ирсэн гадаадын иргэнээс халдвар авсан гэх баримт үүнийг нотолно. Манай улсад амьдарч байсан гадаадын 11 иргэнээс ХДХВ-ын халдвар илэрсэн гэх тоо ч бий. Дээр нь урд, хойд хөршид ХДХВ/ДОХ-ын халдвар гэрлийн хурдаар гэж болох хэмжээнд тархаж байна. Энэ бүхэн халдварын тархалт бага ч эрсдэл өндөр орны тоонд Монгол Улсыг оруулахад хангалттай үзүүлэлт.

Доноруудын төсөл зогссоны дараа яах вэ

          Монгол Улс болон дэлхийн нийт 2025 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоох зорилт тавьсан. Үүний тулд хүн бүрийн үүрэг оролцоо, хөрөнгө санхүүгийн дэмжлэг чухал. Манай улсын хувьд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн эмчилгээ, үйлчилгээ 100 хувь үнэ төлбөргүй. Гэхдээ ХДХВ/ДОХ-ын чиглэлээр зарцуулж буй нийт хөрөнгийн 25 хувийг төр, үлдсэн 75 хувийг олон улсын донор байгууллагууд санхүүжүүлдэг. Санхүүжилтийн гол цөм нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Глобал” сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл. ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн эмчилгээний зардлыг энэ сан гаргадаг. Уудаг эмийг нь нийлүүлдэг. Гэвч тус сангаас Монголд 2016 он дуустал ХДХВ/ДОХ-ын чиглэлээр хэд хэдэн төсөл санхүүжүүлэхээр болсон гэх мэдээлэл чих дэлслээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд сангаас зарцуулах хөрөнгийн урсгал зогсоно гэсэн үг. Тэгвэл үүнээс хойш ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тархалтыг зогсоох, халдвар тээгчдийн эмчилгээ, амьдралыг тэтгэх арга хэмжээг хэн санхүүжүүлэх вэ. Магадгүй НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дэмжлэгээ үргэлжлүүлэх байх. Гэхдээ л “Глобал” сан санхүүгийн дэмжлэгээ зогсоовол манай улсын хувьд байдал үнэхээр хэцүүднэ гэдгийг ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Халдвар тээгчид бүр ч их эмээдэг. “Глобал” сан зарцуулахаа больчихвол бид яана, эмчилгээ, эмээ яаж авч уух вэ, үнэтэй шүү дээ гэж ярих хэд хэдэн хүнтэй таарч байлаа. Төр үүнд одооноос анхаарч, олон улсын байгууллагуудын дэмжлэг, санхүүжилт зогсч, төсөл хөтөлбөрийн хэрэгжих хугацаа нь дууссанаас хойш ХДХВ/ДОХ-ын чиглэлээр хэрхэн ажиллахаа төлөвлөх цаг болжээ. 2016 он хаяанд ирээд байна. төсөл зогссоны дараа яах ёстойг, гарах гарцыг салбарын яам тодорхойлж, одооноос шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Ерөөс “Мэдлэг бол бидэнд байгаа цорын ганц вакцин билээ. Эрсдэлтэй үйлдэл хийхгүй, гэр бүлдээ үнэнч байхыг халдварт өвчний 30 хувийг эзэлж буй БЗДХ, бараг л долоо хоног бүр илрэх ХДХВ/ДОХ-ын тохиолдлууд сануулж байна.

Эх сурвалж: “Монголын үнэн”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ruth(197.211.53.27) 2022 оны 09 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318)\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, ГЕРПЕС, ЧИХРИЙН ШИЖИН, ХАВДАР, ХДХВ, ЦАРВАЛТ гэх мэт бүх төрлийн өвчнийг байгалийн үндэс, эмийн ургамлаар эмчилнэ. өвчин , Үе үеийн гэр бүлийн шалтгааныг арилгах , Хуучин амрагаа эргүүлэн авах. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү имэйлээр мессежээр илгээх боломжтой: ( okosherbalhome@gmail.com )

0  |  0
Top