Зоос банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаад байсан билээ.
“Зоос” банкийг дампууруулсан хэмээн буруутгагдаад байсан тэдний шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас эхлэх байсан ч улсын яллагч Ц.Насанбатыг сольсоны улмаас хойшлогджээ. Шинээр томилогдсон улсын яллагч хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай байгаа аж.
Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, зургаан жилийн хорих ял оноосон ч Өршөөлийн хуульд хамруулан харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шүүхээс шийдвэрлэсэн билээ. Тэрээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )