Шинэ оюутан төрийн албан хаагчийн санхүүжилтэд хамрагдахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журмыг 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Харин энэхүү заалтыг энэ оноос хүчингүй болгож байгаа аж.

Энэ тухай сургалтын төрийн сангийн мэргэжилтэн С.Дэлгэрмаа хэлэхдээ “Өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон. Тухайлбал Төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрийн санхүүжилтийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс зогсоосон. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т заасны дагуу дотоодын их, дээд сургууль, коллежи, мэргэжлийн сургуулийн жишгээр сургалтын зардлыг төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгоно. Харин энэ намраас шинээр элсч байгаа оюутнууд хамрагдах боломжгүй. Энэ хуулийг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэлээ.

Судалгаагаар жилд 16 мянга гаруй оюутан хамрагддаг байжээ. Харин Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу Үндэсний тэтгэлэг болон голч оноо сайн бол журмын дагуу урамшууллынхаа тэтгэлгийн мөнгөө авдаг гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top