Арлын Япон “амжаагүй” атомын цахилгаан станцыг мань мэт нь “маллаж” дөнгөх үү?

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Өчигдөр Улсын дээд шүүх хуралдаж, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Засгийн газрын тогтоолоор албан тушаалаас нь огцруулсан асуудлыг хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэж, “хөөрхий”-г хууль эрх зүйн үндэслэлгүй огцруулсан болохыг баталсан гэх мэдээлэл ирлээ. Эргэн сануулахад Монгол Улсын Засгийн газрын 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолоор С.Энхбатыг  Цөмийн энергийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн юм.

Түүнчлэн С.Энхбатын нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг шалгаад Засгийн газрын шийдвэр нь   хууль эрх зүйн  үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргасан билээ. Гэвч Засгийн газар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэлийн шүүх өнгөрсөн сарын дөрвөнд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Нээрээ бид сонгууль сонгуулийн үр дүн, автомат машин албин шиг авиртай юу, үгүй юу гэж маргалдаад С.Энхбатын асуудлыг анзаарах сөхөөгүй явж. Түүнийг ийн хилсээр ажлаа өгсөн гэх мэдээлэлтэй зэрэгцэн нэгэн үе нийт монголчуудын анхаарлыг татсан асуудал байгааг дахин саналаа. Мэдээж энэ бол Монгол Улсыг оршуулгын газар болгох гэж байна уу үгүй юу. Зах цухаас нь “хаягдал”-уудаа оруулаад ирсэн юм уу, арай амжаагүй байгаа юу гэдэг чухамдаа таамаг гэж хэлж болохуйц ч хамаг амьтны анхаарлыг нэн ихээр татсан асуудал билээ.

Тодотгоход,  өнгөрөгч нэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь эрхэлсэн ажилдаа хайнга хандаж байсны улмаас Цөмийн энергийн газрын ажил удаан хугацаагаар цалгардаж, өгсөн үүрэг, даалгавар хэрэгжихгүй байгаа явдал гэж байсан санагдана. Түүнчлэн Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас ажлаа танилцуулах үүргийг Цөмийн энергийн газрын даргад өгсөн боловч биелүүлээгүй, эрхэлсэн сайдын зөвшөөрөлгүйгээр удаа дараа гадаадад явж байсан тухай ч яригдаж байсан билээ.

Ийнхүү эл эрхэм ажлаа өгсөн ч хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн заргалдсаар заргаа авсан нь тэр. Түүнээс гадна тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулийн шоунд дарагдаад зарим асуудал бүрхэгдэх төлөвтэй байх үест хэвлэлийн бага хурал зарласан. Хуралдааны үеэр нэр бүхий нөхөд цөмийн хог хаягдлыг Монголд булшлах талаар хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн. Тэрбээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай яригдах болсон түүнчлэн энэ ярианд өөрийнх нь оролцоо бий эсэхэд “Цөмийн салбарыг үүсгэн байгуулсан миний эцэг Академич Содномыг хүртэл үүнийг дэмжиж байсан маягтай юм сүүлийн үед яригдах боллоо.

Уучлаарай үүн шиг худал юм байхгүй. Миний эцэг цөмийн хог хаягдлыг Монголд булшлахын эсрэг тууштай зогсож байсан. Би 1990-ээд оны эхээр цөмийн хаягдлыг Монголд   булшлах нь ашигтай юм байна гэж хэлээд аавдаа зад загнуулж байлаа. Аав маань “Чи миний хүүхэд, гэтэл төрсөн эх орноо хогийн сав болгох гэж байна” гэж загнуулсан удаатай. Түүнээс хойш аавынхаа захиасын дагуу үүний эсрэг тууштай зогсож байгаа.” хэмээн хатуухан мэдэгдсэн.

За ямартай ч газар нутаг багатай улс орнууд цөмийн хаягдлаа хийх газаргүй учраас дэлхийн улсуудад ханддаг гэж мэргэжлийн хүн хэлсэн. Хэдийгээр холбогдох албаныхан Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудал огт яригдаагүй хэмээн хариуцлагатай гэх тодотголтойгоор удаа дараа мэдэгдсэн ч овоо босгоогүй бол шаазгай юунд  суух вэ гэдэгчлэн энэ тухай элдэв яриа гарахгүй байсан нь дамжиггүй.

Нөгөөтэйгүүр 2010 оны гуравдугаар сард Францад болсон цөмийн асуудлаарх олон улсын хурлын үеэр АНУ-ын DIO байгууллага буюу Эрчим хүчний яамных нь ажилтан, MNI буюу Mongolian Nuclear Initiative гэдэг төрийн байгууллагыг төлөөлж хүн ирж уулзаад, Монголд цөмийн хаягдал байршуулах санал тавьсан, та нар бэлэн үү гэж асуусан тухай сонсогддог. Чухам энэ үеэс л цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай асуудал дээд доод ямар нэг түвшинд явагдах нь ч явагдаж гэдгийг монголчууд гадарласан хэрэг.

За ямартай ч цөмийн хаягдал гэх үгийн цаадтай асар их мөнгө яригддаг юм гэсэн. Жишээлэхэд 20 жилийн өмнө ОХУ, Японоос цөмийн хаягдал оруулаад жилд нэг тэрбум ам.доллар авдаг байсан гэнэ лээ. Мэдээж зуучилсан хүмүүс нь маш их мөнгөн шан харамж авдаг байж таарна. Түүнээс гадна Цөмийн энергийн дарга асныг хууль бус лицензийн наймаачин гэх мэдээлэл түгэх болсон. Учрыг нь мэдэхгүй хүн бол цөмийн энергийн лицензийг газрын лиценз шиг л дамлаж зардаг байх нь гэж ойлгохоор. Гэхдээ албаны хүний өгүүлснээр цөмийн энергийн лиценз 150 дотор л хэлбэлздэг аж.

Товчхондоо лицензийг хууль бус өгсөн эсэхийг нягтлахад тун хялбар гэж ойлгосон. За ямартай ч сүүлийн үед цөмийн хаягдлын асуудал халуухан ярианы сэдэв болоод байгаа нь маргашгүй үнэн. Хор холбогдлыг нь бага сага гадарласан хүмүүс эхнээсээ ямар ч юм болж байсан Монголд цөмийн хаягдал булшлуулахгүй хэмээн өгүүлцгээж буй.

Гэхдээ л Монгол Улс цөмийн хаягдал шаарыг өөрийн нутаг дэвсгэртээ булшлах асуудлыг тавьсан төдийгүй “Одоогоор хууль эрх зүйн байдал түвэг учруулж байна” хэмээн мэдэгдсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд мэдээлчихсэн. Тодруулбал, Япон улс цөмийн хаягдал шаарыг Азийн хэд хэдэн орны нутаг дэвсгэрт булшлахыг тухайн орны холбогдох албан тушаалтнуудад санал болгосон бөгөөд санал тавьсан орнуудын зарим нь Японы Гадаад хэргийн сайдад зөвшөөрсөн хариу ирүүлсэн нь батлагдчихаад байгаа явдал.

Тэр ч бүү хэл өөрийн нутаг дэвсгэртээ цөмийн шатахууны хаягдлыг хүлээн авах ба хадгалах агуулах барих урьдчилсан захиалга өгсөн гэж дуулдсан. Түүнээс гадна Оросын “Известия” сонины 2011 оны долоодугаар сарын 22-ны дугаарт гарсан Константин Волковын  “Цөмийн хаягд¬лыг өөрийн нутаг дээрээ булшилсныхаа төлөө Монгол Улс 10 тэрбум доллар авахыг хүсэж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарсныг олон хүн олж харсан байх. Уг нийтлэлд дурдсанаар “Монгол Улс өөрийн нутагт цөмийн түлшний хаягдлыг булшлах төслийн ерөнхий заалтуудыг ерөнхийд нь зөвшөөрчээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш АНУ, Япон улсын мэргэжилтнүүд Монголын эрх баригчидтай хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Энэ хэлэлцээр нааштай болж байгаа тухай Хятадын хэвлэлүүд бичиж байна. АНУ-ын оролцоотойгоор баригдсан атомын цахилгаан станцад ашигласан цөмийн түлшийг Монголд булшлах юм. Өөрөөр хэлбэл Монголын нутаг дээр Америкийн кодтой цөмийн түлш булах юм байна.
Монгол Улсад цөмийн хаягдал булах ажлыг Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн ажиглалтын доор хийх бөгөөд тус агентлаг Монголын нутагт цөмийн хаягдал булшлах байгууламж барихад тусламж үзүүлэх аж. Цөмийн хаягдлыг булшилснаар Монгол Улс тодорхой хэмжээний ашиг хүртэх юм байна гэсэн байгаа.

Гай далласан цөмийн хаягдлаа хаях газар олохгүй үйлээ эдэлж буй улс дэлхийд цөөнгүй гэдэг нь мэдээж. Зөвхөн сүүлийн 10 жилд Япон, БНСУ, Тайваньд 10-20 мянган тонн цөмийн түлшний хаягдал хуримтлагдаад байгаа юм гэсэн.  Хэдийгээр гадаад орнуудаас цөмийн хаягдал авч нутаг дээрээ булшлах тухай мэдээллийн хариуд Монголын хуулиар гадаадаас цацраг идэвхт бодис оруулах нь хориотой гэж тайлбар хийж байгаа ч барин тавин хэлэлцэж ярилцаж байсан тухай баримт байгаад байхад мянга мэлзээд яах юм бэ.

Тэгээд ч  Монгол Улс цөмийн технологитой орнуудтай хамтран ажиллаж өөрийн нутаг дээр атомын цахилгаан станцтай болохыг хүсч байгаагийн цаадтай хаягдал, хаягдал гэх үг хар дагуулаад байгаа юм чинь. Тэгсэн Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжав ярьж байнаа. “Цөмийн түлш гэдэг тусгай багцын тухай асуудал. Цөмийн урвалын дүнд дулаан гаргаж байгаа болохоос биш үнс болчихгүй. Тэгээд тодорхой хугацааны дараа цэнэглэх шаардлагатай болдог. Үүний дараа хэрэглэх шаардлагагүй болбол хөргөж байгаад хадгалахыг хаягдал гэж байгаа юм.

Технологийн хувьд хаягдлыг буцаагаад ашиглаж болох талтай. Бас олон улсын нэг шинэ зарчим сүүлийн үед яригдах болсон. Энэ нь цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа улс үүсгүүрээ ашиглачихаад анх гэрээ хийж, нийлүүлсэн газар руугаа буцааж явуулна гэсэн олон улсын байгууллагын шаардлага юм.

Жишээ нь, бид Хятадаас цацрагийн үүсгүүр авлаа гэхэд ашиглаж дуусаад тус улсад буцааж өгнө. Мэдээж үүний цаана хамгаалалт, тээвэрлэлт гээд мөнгө төлөх шаардлагатай. Мөн нөгөө тал нь буцааж авна гэсэн гэрээтэй байх ёстой. Буцааж авчихаад реактор дээр шараад дахин зарж болох учир тэдэнд ч бас ашигтай. Хэрвээ ийм гэрээгүй бол хүчин чадал, идэвх нь багасаж, суларсан үүсгүүрийг яах вэ гэдэг асуудал тулгарна.  Тиймээс хөрөнгө зарж, тусгай байгууламжид хадгалуулж таарна” гэж...

Ёстой уучлаарай технологийн хувьд хаягдлыг буцаагаад ашиглаж болох талтай гэдэгт нь яагаад ч итгэж чадахгүй. Дэлхийн энд яригддаг хөгжилтэй, мөнгөтэй, том гүрнүүд боломж байсаар байхад маньд мөнгө төлөөд л хаягдлаа булуулах гэж явах уу. Хэчнээн гэнэн тэнэг монгол байлаа ч итгэж чадахгүй нь.  Атомын бага оврын станцыг 20, 25, 30 жилээр цэнэглэдэг, Чернобылийнх шиг аюул болохгүй гэсэн найдвартай станцууд олон бий л гэж байна лээ. Янз нь 2021 онд манай улс тэр найдвартай станцаас нэгийг барих санаатай даг.  Санаасаад байх юу байхав, боломж бий, барих төлөвлөгөөтэй гэсэн.

Гэхдээ хэрэггүй л гэх гээд байна. Эрчим хүчний гачаалд орж муугаа үзэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломж наад найдвартайдуу станцаас чинь их бий, Монголд. Арай өөр гарц, арай өөр боломж, арай өөр эрчим хүчтэй болъё. Арлын Япон маллаж дөнгөөгүй атомын цахилгаан станцыг мань мэт нь маллана гэвэл ёсой лөөлөө байлгүй, тийм биш гэж үү?

З.Урсгал

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top