“Жинхэнэ хайр” анхны бие даасан тоглолтоо "UB palace"-д хийх гэж буй “Гурван охин” хамтлагийн хамгийн, хамгийныг сонирхуулж байна.
Хамтлагийн хамгийн инээд муутай нь хамтлагийн ахлагч Соло. Түүнийг инээлгэх тун амархан. Гэсэн хэрнээ нуг нуг гээд дуу багатай инээнэ. Харин дууныхаа чангаар Анхмааг давах хүн хамтлагт байхгүй. Анхмаа бол гангар шаазан хагартал тас тас инээнэ. Анхмаа бас их хөгжилтэй. Түүнтэй хамт байхад хэн ч уйдахгүй. Нүд нь гялалзаад л инээдтэй онигоо, түүх хөврүүлж өгнө.
Хамтлагийн ахлагч Солог гоё арьстай гэдгийг нөгөө хоёр нь бодож цөхөх юмгүй хариулах байх. Мөн гарыг нь их гоё гэж хэлнэ. “Мөнгөн аяга шиг гар” гэж Б.Явуухулан гуай шүлэглэсэн байдаг даа. Түүнтэй дүйнэ. Уруулыг нь мартвал бурхан гомдох байх. Эрэгтэйчүүд төдийгүй хүүхнүүд ч гоё сайхныг нь гайхна. Сунгалт болон бүжгийн бэлтгэл дээр уян хатнаараа Солог гүйцэх гишүүн байхгүй. Багаасаа уран нугаралтаар хичээллэсэн бол юм дуулгах л байсан байх аа.
Байгаль далайн хөвөөнөө зураг авалтыг нь хийсэн “Чихэнд минь шивнээрэй” клипний үеэр Ану шиг морь сайн унадаг бүсгүй байхгүй гэдгийг хамтлагийн гишүүд дуу нэгтээ баталсан байна. Морьтон Монголын үр сад морь унаж чадахгүй байна гэж хаа байхав. Орос, буриадууд талын Монголын охины тоомсог унан давхихыг хараад “Чингисийн үр сад” хэмээн бахархан толгой сэгсэрч байжээ.
Түүнээс гадна Ану хамтлагийн хамгийн дурламхай нь гэнэ. Тиймдээ ч сүүлийн үед дууны шүлэг бичиж байгаа. Нэг өдөр Ц.Балхжавын ая... гээд хит дуу гараад ирвэл Анугийн дурласан сэтгэлийн өнгө хэмээн ойлгоорой гэсэн. Мөн хүмүүс Ануг ном их уншдаг гэдгийг мэддэггүй. Түүний гэрийн номын санд нэгээр зогсохгүй тэрэг ном байгаа байх хэмээн гишүүд хошигноод авна лээ.
За тэгээд л Анхмааг хамгийн сайн бүжиглэдэг, машинаар давхих дуртай, дайчин, хэр баргийн зүйлд бууж өгдөггүй гэх мэтээр хэлж болох бол Солог хоол гоё хийдэг, байгальд хайртай, спортын хорхойтон хэмээн цааш үргэлжлүүлж болно. Ануг хамгийн гоё биетэй, бага ангийн багш шиг нямбай бичгийн хэвтэй, хамгийн эрх гэдгийг нь харин хүмүүс төдийлөн мэддэггүй юм билээ.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )