Өнгө мөнгөнд шунасан олигархи хүрээллийнхнээс овсгоотой нь банк дээрэмддэг, болхидуу нэг нь архи, спирт зардаг. Энэ бол тэдний нэлээд ерөнхий схем юм. 1990-ээд оноос хойш олон банк амьсгал хураасан. “Ард”, “Даатгал”-аас эхлээд “Анод”-оор энэ хэрэг дуусах болов уу гэтэл үгүй ажээ. Араас нь “Зоос”-ыг тоносон дуулиан түгэж, одоо прокурорт хянагдах шатандаа явж байна. “Зоос” банк уг нь Батбаяр гэдэг хүний хувийн банк. Тэр банкныхаа 51 хувийг эзэмшдэг байлаа. Хуучин Ойн яам гэж байх үеэс тэнд ажиллаж, сүүлдээ зах зээлийн эхний жилүүдэд Хятад руу мод зөөдөг “Ой мод” компаниа байгуулсан юм. Олсон мөнгөө арвижуулж, хэсэг нөхдийн хамт “Зоос”-ыг байгуулсан нь түүнд өнөөдрийн том гарз, гайг авчирсан гэлтэй. Нэг л өдөр тэр дээлээ нөмрөөд “Ганц худаг” руу ачигдсан. Банкийг нь дампуурлын ирмэгт хүргэсэн гол нөхцөл нь бусад нүд анисан банкууд шиг бас л өнөөх найдваргүй зээл байлаа. Гэхдээ эдгээр зээлийн дийлэнх нь МАН-ын нууц санхүүжилт рүү сэм орж байсныг учир мэдэх хүмүүс өгүүлж буй. Мөн 50 орчим тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй мөрдөн байцаагч нарын тархийг гашилгаж байгаа тухай ч одоо ид яригдаж байна. Батбаяр захирал банкнаас гадна “Нэгдэлчин” зочид буудлыг бараг бүхэлд нь өөрийн хүүхдүүдийн хамт эзэмшдэг бөгөөд тийш нь их хэмжээний мөнгө хийгээд буцааж “Зоос” руугаа гаргадаг, “Зоос”-оос дахиад мөнгөө зочид буудалдаа оруулдаг байжээ. Өөрөөр хэлбэл, нэгэн төрлийн мөнгө угаалт юмуу даа. Түүний энэ том ажилд Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж оролцсон, санхүүгийн хувьд ч дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Үнэн байх. Л.Пүрэвдорж бол ер нь бүтэхгүй нөхөр. Монголын мөнгөний бодлогыг салхинд хийсгэж байгаа этгээд. Удахгүй инфляц 20 орчим хувьд хүрнэ. Тэр цагт жирийн иргэд маань модоо барихдаа тулах биз. Арилжааны 16 банкиндаа тэр “Зээлийн хүүгээ хэтэрхий буулгавал та нар өөрсдөө л хохирно” гэхээс өөрийг хэлж чаддаггүй. “Зоос”-ыг төрийн мэдэлд авсан нь ч түүний мөнгөний сонирхолтой холбоотой байсан бололтой. Тиймээс Л.Пүрэвдоржийг хэргээ нуун далдлахаас өмнө бушуухан барьж аваад “Ганц худаг”-т цагдан хорьж шалгавал таарна. Мань эрийг анх Монгол банкны Ерөнхийлөгчийн суудалд горилон УИХ-д хэлэлцэгдэхээр орж ирэхэд үнэн үг, шазруун зангаараа алдаршиж яваа З.Энхболд “Энэ нөхөр ер нь Монгол банкны ажлыг өөд татаж чадах юм уу” хэмээн асууж байсансан. Магадгүй тэрээр зөнгөөрөө бүтэлгүй товариш гэдгийг нь мэдрээд байсан байх аа.
Б.Отгонбаяр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )