Цахилгааны үнийг дахиад нэмэв. Иргэд бухимдахгүй гээд яах билээ. Бас бухимдаад ч юу гавихав. Энэ төрийн төмөр нударган дороос ямар гарах биш. Харин эрчим хүчний тав, зургаа дахь эх үүсвэрийн талаар юм дуугарах цаг нь болсон байна. Хэдэн жил ч ярив даа. 2008 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Баянзүрх дүүргийн нутаг буюу Улиастайн голын баруун эргийн том хөндийд шав тавиулж, “Би энд тавдугаар цахилгаан станц бариулна” гээд л сүрхий юм болоод харайж явсан. Одоо таг чиг. Сураг сонсоход тэр газрыг нь хотын захиргаа зөвшөөрөөгүй гэнэ. Тэгээд Налайх, Улаанбаатарын дундах уулын энгэрт дахиад шав тавихаар болжээ. Гэтэл бас л дээрээс нь дарамтлан хойш тавиад байгаа аж. Тавдугаар цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг Японы талаас хийхээр болж байтал манай хэдэн олигархиуд хоорондоо яс булаалдсан ноход шиг уралцсаар угийн соёлтой, ажлаа нягт нямбай төлөвлөдөг япончуудын дургүйг хүргэсэн гэдэг. Өмнөд Солонгосчууд ч мөн манай дарга нарын хоорондын эв түнжингүй байдлаас болоод хөрөнгө оруулалтыг амлахгүй байгаа. 1996 онд анх Эгийн голын усан цахилгаан станцыг Чех улсаар бариулах гээд хамаг хөрөнгө оруулалтын гэрээ энэ тэрийг нь хийчихсэний дараа УИХ-ын гишүүн Н.Түвшинтөгс мэтийн хүмүүсийн шуналын сэдлээс болоод цаадуул нь станц барих ажлаасаа сүүлдээ татгалзаж байлаа. Одоо яг нэг иймэрхүү л юм болоод байгаа бололтой. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хотын захирагчийн орлогч Да.Ганболд тавдугаар цахилгаан станцын хөрөнгө оруулалтан дээр тоглох гээд хор найруулж, өрсөлдөгч Ц.Батбаяр зэрэг хүмүүсээ нуга дарж байгаа юм байна. Халзан Да.Ганболд үүнийгээ ч дөнгөх байх л даа. Тэрээр саяхан телевизээр “Би тавдугаар цахилгаан станц барих талаар аль эрт 1991 онд шадар сайд байхдаа холбогдох хүмүүстэй ярьж байсан. Харамсалтай нь намайг огт дэмжээгүй” гэв. Түүний энэ үг “Тэгж яривал би л станц бариулах ёстой” гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Өнөөх “Энэ төрийн тамгыг хэн сийлсэн билээ. Би шүү дээ” гэж Бодоо сайд омогшиж байсан тухай кинонд гардаг шиг юм боллоо. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах томоохон барилга байгууламжийн төсөл дээр сандайлж суугаад бөөн мөнгө шуудайлдаг Монголын олигархиудыг сайн мэддэг Япон зэрэг оны хашир улс төрчид Да.Ганболд мэтийн хүмүүсийн далд санааг хэдийнээ гадарласан болохоор ам нээхгүй байгаа хэрэг бизээ.
О.Баяр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )