V цахилгаан станцын бүтээн байгуулалтанд ”Нью Ком” групп оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах найдвараар тодроод буй тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах компаниуд тендерт шалгарчээ. 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг цахилгаан станцыг Францын "GDF Suez" компанийн охин компани "International Power" болон Солонгосын "Поско Энержи", Японы "Сожиц", мөн "Ньюком" зэрэг компани хамтран гүйцэтгэхээр болжээ. Энэ хүрээнд Инженеринг, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, барилга угсралт зэрэг ажлыг эдгээр дөрвөн компани хамтран гүйцэтгэх ажээ. Цахилгаан станцын хувьд 415 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орох юм байна.

Монголын тал тавдугаар станцаас үйлдвэрлэн гаргасан цахилгаан, дулааныг 25 жилийн хугацаатай гэрээний хүрээнд бүрэн худалдаж авах юм байна. Харин станцын хувь эзэмшлийн тухайд, "Inter­national Power", "Сожиц", "Поско Энержи" тус бүр 30 хувь, "Ньюком" 10 хувийг эзэмшихээр тогтжээ. Тавдугаар цахилгаан станцыг барих зардлыг нарийн мэдээлээгүй байгаа ч, санхүүжилтийг дөрвөн компанийн хамтарсан Консорциум бүрэн хариуцах ажээ. Одоогийн "ДЦС-3"-ын дэргэд барих гэж буй энэхүү тавдугаар станцын бүтээн байгуулалтад 650 сая ам.доллар шаардагдахаар байгаа юм.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top