Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт долдугаар сарын хагасаар 5957.7 сая ам.долларт хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллэв. Үүнээс экспорт 2373.4 сая ам.доллар, импорт 3581.3 сая ам.доллар байгаа ажээ. Энэхүү экспортод нүүрс 47.3 хувь, зэсийн баяжмал 18.9 хувь, төмрийн хүдэр 11.3 хувь, болосвруулаагүй газрын тос 6.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 2,4 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2,1 хувь, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт 1,9 хувь, молибдений хүдэр ба баяжмал, 0,8 хувь, үлдсэн 8,6 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, экспортын худалдааны үнэмлэхүйц дийлэнхийг уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүн эзэлсэн юм байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 784.3 сая ам.доллар буюу 15.2 хувь, үүний дотор экспорт 218.2 сая ам.доллар буюу 10.1 хувь, импорт 566.1 сая ам.доллар буюу 18.8 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн хайгуул, олборлолт эрчимжиж, гадаадын хөрөнгө оруулагч нар энэхүү зах зээлд идэвхийлэн оролцох болсон нь ийнхүү гадаад худалдааны эргэлтийг түртгэтгэж байгаа тухай албаныхан онцолж байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )