Хятадад долдугаар сард олгосон зээлийн хэмжээ өнгөрөгч сартай харьцуулахад 41.3 хувиар буурлаа гэж урд хөршийн Төвбанкнаас мэдээллээ. Банкууд нийт 540 тэрбум юань буюу 85 тэрбум ам.долларын зээл олгожээ. Энэ нь шинжээчдийн тооцоолж байсан 665 тэрбум юаниас бага үзүүлэлт аж. Тус улсын Худалдааны яамнаас гаргасан экспорт, импортын дүн мөн доогуур байна гэж Блүүмберг мэдэгдэв. Экспортын хэмжээ нэг хувиар, импорт харин 4.7 хувиар нэмэгджээ. Хятадын эдийн засаг сүүлийн саруудад зогсонги байдалд орж буй шинж тэмдэг илэрч байгаа аж.
ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад 7.6 хувь хүртэл буурчээ. Уг дүн нь хамгийн сүүлд 2009 онд гарч байсан үзүүлэлт юм. Тус улсын эдийн засгийн бууралт нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зогсонги байдал, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ гадаад зах зээл дээр уналттай байгаатай холбоотой.
Түүнчлэн Хятадын гол худалдааны түнш болох Европын Холбоонд урт хугацааны өрийн хямрал нүүрлэсэн нь үүнд нөлөөлжээ. Харин урд хөршийн инфляцийн түвшин 1.8 хувь байгаа нь сүүлийн хоёр жилийн туршид хамгийн бага үзүүлэлттэй байгааг харуулж байна. Энэ нь Төвбанкнаас барааны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх бодлого явуулсаны үр дүн юм.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )