Биеийн галбир дөрвөлжиндүү
Бэлхүүс сүвээгээрээ бүдүүн байх
Бэл бэнчин зузаандуу
Бирдийн нүдтэй нарийн байх
Савхин дээл энгэр задгай
Сахал үсгүй мулзан байх
Сайн угшлын хурдан адуу
Саяар үнэлж авсан байх
Ангийн тэнгэрт мөргөлтэй
Араатан чоно гөрөөлдөг байх
Аялга дуудлага хамаагүй
Англи, оросоор гөрддөг байх
Нутаг усаа түшиж авсан
Нурамгар ч гэсэн эхнэртэй байх
Нуурын хун шиг нисээд явчихгүй
Нууц амраг хоёртой байх
Далай ламд бараалхаж
Даллага сан тавиулсан байх
Дархан аваргатай зургаа татуулж
Дал мөрөөрөө тэврэлдсэн байх
Шал худал нь хамаагүй
Шар сонинд гөрдүүлсэн байх
Шалдир булдир тэднүүсийг
Шанаадна гэж сүрдүүлсэн байх
Хэлсэн ярьсан ян тан
Хийсэн бүтээсэн дорвитой байх
Хил гаалиар спирт оруулахдаа
Хээл хахуулийн сорвигүй байх
Бэлчээр хол юм үзсэн
Бизнес ухаан задарсан байх
Берлин, Лондонд дамжаа дүүргэсэн
Бичиг баримт бүрдүүлсэн байх
Бензин тосоор тургих шахсан
Бенз, Ланд хөлөглөсөн байх
Бичиг үсэггүй ч Хадаа аварга шиг
Бие хамгаалагч хөлсөлсөн байх
Байн байн гадаад руу явдаг ч
Банкинд зээлийн өртэй байх
Байшин саваа өндөр үнэлж
Барьцаанд заавал тавьсан байх
Аль нэг намын харьяанд
Амь насаа даатгасан байх
Ард түмэндээ элэгтэй гэсэн
Амны уншлагатай болсон байх
Иймэрхүү төрхийн баячууд
Эх орны минь од байг
Итгэл сэтгэл буруу бол
Ирээдүй цагийн лүд байг
З.Ядмаа /МЗЭ-ийн шагналт/
Сэтгэгдэл ( 0 )