Эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасан тамирчдад сар бүр урамшуулал олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, олимп, паралимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн үе үеийн тамирчдын зүтгэлийг үнэлж, тогтмол урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангах чиглэлээр зарлиг гаргахаар болжээ. Зарлиг хүлээн авах ёслолыг өнөөдөр Төрийн ордонд 14.00 цагаас спортын алдартнуудыг оролцуулан хийх ажээ. Өөрөөр хэлбэл, спортын алдартнуудад урамшуулал олгох, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Зас­гийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж байгаа аж. 

ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчинд cap бүр хоёр сая, мөнгөн медаль хүртсэн бол нэг сая, хүрэл медальтанд 500 мянган төгрөгийн урамшуулал олгох юм.  Гэхдээ олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хртсэн тамирчин дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай тамирчинтай адил хэмжээний мөнгөн урамшуулал авах нь учир дутагдалтай гэж гэж үзжээ. Иймд олимппийн наадмын алтан медальтныг дөрвөн сая, мөнгөн медальтныг хоёр сая төгрөгөөр урамшуулах саналыг урамшуулахаар болжээ. Энэхүү урамшууллыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох гэнэ.

Харин тухайн тамирчин нас барсан тохиолдолд гэр бүлийнхэн хүсэлтээр нэг жилийн мөнгөн урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгохоор зарлигийн төсөлд тусгажээ. Өнөөдрийн байдлаар манай улсын 47 тамирчин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд байгаа юм.

Х.Даваа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top