Ирэх хичээлийн жилд үндэсний тэтгэлэгт хөтөлбөрөөс нэг оюутанд улирал тутамд 210600 төгрөг олгоно. Үүнийг дээд боловсрол эзэмшиж буй оюутан бүр авах эрхтэй болсон. Үүнийг бодож үзвэл нэг оюутан жилд дунджаар 630 мянган төгрөг авах юм. Түүнчлэн урамшууллын тэтгэлгээр 3.2 голч дүнтэй суралцаж буй оюутанд олгох мөнгөн дүнг жилээр бодвол 315 мянган төгрөг, 3.6-аас дээш голч дүнтэй оюутан үндэсний тэтгэлгийн 630 мянган төгрөг дээр нэмээд 472500 төгрөгийн тэтгэлэг авах аж. Энэ их мөнгөний сургаар төрийн болон төрийн бус их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж эхэлжээ. Тухайлбал, “Зохиомж” дээд сургуулийн төлбөр өнгөрсөн онд дээд тал нь 800 мянган төгрөг байсан бол энэ жилийнх сая давжээ.
Мөн “Отгонтэнгэр" их сургуулийн I-III дамжааны сургалтын төлбөр нэг сая 600 мянга, IV дамжааныхны төлбөр нэг сая 500 мянга бол “Идэр” дээд сургууль өнгөрсөн жил 908 мянган төгрөгийн төлбөртэй байсан ч энэ жил нэг сая 100 мянга болтлоо өссөн байна. Оюутныг дэмжих үндэсний тэтгэлгээс олгож байгаа дээрх мөнгийг их, дээд сургуулиуд сургалтын төлбөрт суутгадаг. Харин сургалтын төлбөр нэмэгдсэн талаар албаны хүнээс тодруулах гэсэн боловч “Бидэнд их, дээд сургуулиудаас сургалтын төлбөрөө нэмэх талаар санал ирсэн. Гэхдээ хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг Улсын их, дээд сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийднэ. Одоогийн байдлаар Улсын их, дээд сургуулиудын ТУЗ хуралдаагүй байна. Удахгүй энэ талаар тодорхой шийдвэр гарна” гэв.
Харин хувийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэн талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Э.Сарантуяа /оюутан/
-Таны сурдаг сургуулийн сургалтын төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?
-Одоо бараг хоёр сая болсон. Өнгөрсөн жил нэг сая 500 мянган төгрөг байсан.
-Танд сургалтын төлбөр нэмэх болсон шалтгаанаа тайлбарласан уу?
-Үгүй. Гэхдээ би Олон улсын харилцааны чиглэлээр сурдаг оюутан болохоор нэг гадаад хэл сонгон суралцсан. Тэрнээс болж нэмэгдсэн байх аа.
-Улсаас Үндэсний тэтгэлгээр их, дээд сургуулийн оюутнуудад 70 мянган төгрөг олгож байгаа нь сургалтын төлбөр нэмэгдсэн шалтгаан гэж Та үзэж байна уу?
-Тиймээ. 70 мянган төгрөгийг авдаг байснаас сургалтын төлбөр хэвээрээ байсан бол дээр байсан юм. Нэгэнт мэргэжлээ сонгоод суралцаж байгаа болохоор төлбөрөө төлөхгүй гээд яахав дээ.
Д.Эрдэнэчимэг /иргэн/
-Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэн шалтгааныг та юу гэж бодож байна вэ ?
- Жил болгон л янз бүрийн шалтгаанаар төлбөрөө нэмдэг тэгээд үр дүн юу байна. Оюутан залуусын хэдэн хувь нь төгсөөд ажлын байртай болсон юм. Өнөөдөр дотуур байр ямар байгаа билээ. Хөдөөний оюутнууд байргүй болохоор захын хорооллоос хичээлдээ явж байна.
-Оюутнуудад 70 мянган төгрөг олгож байгаатай холбоотойгоор сургалтын төлбөр нэмэгдсэн гэдэгтэй санал нэг байна уу?
-Бараг тийм. Өнгөрсөн жил зарим сургуулиуд хүүхдүүдийн мөнгийг төлбөртөө суутгасан гэж шуугиад байсан. Үндэсний тэтгэлгээс гадна автобусны тасалбарын асуудал жил болгон л гардаг. Оюутны суралцах орчны хувьд ч гэсэн хувийн их дээд сургуулиуд их асуудалтай.
Ц.Отгон /иргэн/
-Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэж байгааг таны хувьд юу гэж бодож байна вэ ?
-Би чинь төсвийн ажилтан болохоор хэцүү л байна. Манай хүүхдийн сурдаг “Идэр” дээд сургуулийн сургалтын төлбөр гэхэд нэг сая гарчихсан байгаа.
-70 мянгаас болж төлбөр нэмсэн гэж Та бодож байна уу?
-Тэр ч үнэн байх. Гадуур тэгж яриад л байна. Хичээл, сургууль амарсан цагт сургуулийн удирдлагууд хуралдаж байгаа нь ойлгомжгүй юм.
Х.Мөнх-Эрдэнэ /оюутан/
-Таны суралцдаг сургууль төлбөр нэмсэн шалтгаанаа хэлсэн үү?
-Тэр талаар бидэнд хэлдэггүй. Ер нь жил болгон л нэмэгдэж байдаг. Угаасаа курс курстээ өөр байдаг болохоор ямар ч аргагүй төлбөрөө төлдөг.
-Та аль сургуульд сурдаг вэ. Танай сургуулийн төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?
-Нэг жилдээ хичээлээ тааруулж сонговол төлбөр нь гайгүй байх. Ер нь бага хичээл сонговол гайгүй, их хичээл сонговол хэцүү л байх. Ер нь 100 мянгаар нэмэгдсэн байх. Одоохондоо сайн хэлж мэдэхгүй юм.
-Оюутны үндэсний тэтгэлэг өгдөг болсноос үүдэж сургуулиуд төлбөрөө нэмсэн юм болов уу?
-Магадгүй тийм байх.
Эх сурвалж: Unen.mn
Сэтгэгдэл ( 0 )