Манай бизнесийн ертөнцөд томоохон ч бай жижиг ч бай аль ч салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн аж ахуйн нэгжүүдийн хамгийн том толгойн өвчин бол мэдлэг чадвар, сэтгэл зүрх сайтай боловсон хүчнийг ажлын байран дээр нь тогтвортой байлгах асуудал юм. Нэгэн цагт сайн боловсон хүчний төлөө тэмцэлддэг байсан бол одоо үед сайн боловсон хүчнээ хэрхэн урт хугацаанд өндөр үр өгөөжтэй байлгах тал дээр дайн хийж байна гэж хэлэхэд болно. Энэ тал дээр манай зарим нэг томоохон бизнесийн байгууллагууд үнэхээр үр дүнтэй сайн ажиллаж байгаа бөгөөд бусад нь тэднээс сайн суралцах хэрэгтэй гэдэг нь ч бас харагдаж байгаа юм.
Зарим нэг бизнесийн байгууллагын хүний нөөцийн ажилтнууд болон шууд удирдагч нар маш буруу ойлголттой байдаг нь надад олон удаа ажиглагдсан бөгөөд тэд зөвхөн сайн ажилтныг олох л ёстой өөр юу ч хийх хэрэггүй гэсэн хуучны ойлголтоос болж томоохон боловсон хүчнийг цаг бүр өөрөөсөө холдуулж байдаг байна. Тэдний хийх ёстой хамгийн том алхам бол сайн боловсон хүчнийг олноор нь олох бус түүнийг тогтвортой ажлын байранд нь сэтгэл хангалуун байлгах явдал юм.
Хэрвээ та ийм нэгэн хүний нөөцийн менежер эсвэл шууд удирдах албан тушаалтан бол би танд өөрийн хувийн туршлага дээрээсээ үндэслэн гаргасан ажилтныг зөвхөн мөнгөөр бус өөр хэд хэдэн замаар идэвхжүүлэх дараах 5 зөвлөмжийг өгье.
1. Тэдэнд урмын үг хайрла
Энэ бол хүн бүрийн хүсдэг, хийхэд хамгийн амархан зүйл юм. Тухайн ажилтныг өөрийн хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байлгах хамгийн зөв бүтэц бол урам хайрлах юм. Урам хайрлана гэдэг зөвхөн магтана, сайшаана гэсэн үг огт биш юм. Тухайн хийсэн ажлыг, хийж буй зүйлийг нь магтах сайшаах, шүүмжлэх, хөгжүүлэх гээд бүхий л зүйл дээр урмын үгийг хайрлах хэлбэрээр тухайн ажилтныг улам илүү идэвхжүүлж болдог байна.
2. Би менежер гэдэг бодлыг толгойноосоо авч хая
Удирдах ажилтан энгийн ажилтан хоёрын хооронд харилцааны хамгийн том зай гаргадаг зүйл бол мэдээж тэдний албан тушаал байдаг билээ. Тиймээс та заримдаа ч болов өөрийгөө тухайн хүний оронд тавьж хэрвээ би тэрний оронд үүнийг хийсэн бол гэж нэг бодож үзээрэй. Ингэснээр та тухайн ажилтнаа илүү сайн ойлгож, тухайн ажилтан ч гэсэн сэтгэл ханамж нь нэмэгдэх болно.
Хүмүүсийн хамгийн их үзэн яддаг зүйл бол өөрөө хийж үзээгүй мөртлөө бусдад боломжгүй, хамгийн хэцүү замыг тулгадаг явдал байдаг билээ. Тиймээс та хүнд шаардлага тавихаасаа өмнө өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
3. Шүүмжилж чадахгүй бол хэзээ ч битгий шүүмжилж бай
Хэн ч хэзээ ч өөрийнхөө хийж буй ажлыг хэн нэгнээр буруутгуулах дуртай байдаггүй шүү дээ. Би ч та ч мөн адил. Хэрвээ та сайн шүүмжлэгч биш бол хэн нэгний хийж буй ажил таны сэтгэл санаанд чинь төдийлөн хүрэхгүй байвал та хэзээ ч битгий шүүмжилж буруутгаж бай. Аль болох хамгийн зөв гэсэн гарцыг хайж тухайн ажилтандаа зөвлөх хэрэгтэй. Ингэснээр таны ч уур бухимдал багасаж тухайн ажилтанд ч мөн адил хийж буй ажлаа сэтгэл хангалуун хийх болно.
4. Гэнэтийн бэлэг барь
Заримдаа ч дээд удирдлагаас гэнэтийн бэлэг барих сайхан байдаг шүү. Надтай энэ тал дээр олон хүмүүс санаа нийлэх байх. Та ямар ч гэнэтийн бэлэг барьж болно. Хамгийн гол нь эцсийн үр дүн нь тухайн ажилтанд болон танай байгууллагад тань ашигтай байх хэрэгтэй.
5. Тогтсон уламжлалт баяртай бол
Хүн бүр ажлын төлөө ажиллаад амьдраад өөртөө болон бусдад цаг зав гаргаж чадахгүй байвал ямар харамсалтай бас ямар эмгэнэлтэй зүйл болох билээ. Тиймээс та яг одоо өөрийн байгууллагын соёл, зан төлөвт тохирсон ямар нэгэн уламжлалт баяртай болох хэрэгтэй. Энэ нь ямар ч төрлийн байж болох бөгөөд хэн нэгийн төрсөн өдөр, эсвэл инээмсэглэх цаг, аз жаргалын цаг, өглөөний цайг хамтдаа гэх мэт байж болно.
Эцэст нь хэлэхэд өөрийн хамгийн сайн ажилтнаа идэвхжүүлэх цорын ганц түлхүүр нь мөнгө бус ТА ӨӨРӨӨ юм шүү гэдгийн маш сайн ойлгох хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )