Цаг баримталдаг илжиг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Швейцарийн нэгэн хотынхон цэцгэн цагаараа ихэд бахархана. Тэр цаг гэгч нь жирийн нэг цэцгийн мандал. Баярын өдрүүд, ням гарагт иргэд төв талбайгаараа зугаалж мөнөөх цэцэглэгч цагаа үзэж, цаг хэд болж байгааг бугуйнхаа цагтай тааруулдаг аж. Том цэцгийн мандал дээр цаг хугацааг нарийн мэдэрдэг төрөл бүрийн цэцэг алаглана. Цаг тутамд тэр мандал дээр нь зөвхөн нэг л цэцэг дэлгэрдэг. Өглөөний гурван цаг болоход ямаан сахал цэцэг дэлбээгээ нээж, “салхи хагална”. Энэ мэтчилэнгээр хойно хойноосоо бусад нь тогтмол нэг л цагт дэлгэрэх агаад хамгийн сүүлд “Шөнийн дагина” нэртэй кактус дэлгэрч албыг өндөрлөнө. Байгаль гэгч ийм нарийн юмыг хүртэл зохицуулсан байдаг нь гайхалтай. Хоногийн туршид тэдгээр цэцгүүд цоморлигоо дэлгэж, дахин хумьж байдаг. Тэр нь алдагдана гэж “гонжийнжоо” бөгөөд болзсон юм шиг тодорхой хугацаанд давтагдана. За тэгвэл амьтан дээр цаг хэд болж байгааг туршсан туршилтаас сонирхуулъя.

            Шведийн байгальч Густав Экштейн гэгч муур цаг хугацааг хэрхэн мэдэрч байсныг доорх баримт гэрчилнэ. Муур нь шөнөөр зугаалж явсныхаа дараа өглөө 8 цаг 10 минутанд л гэртээ ирнэ. Мөн даваа гараг бүрийн 19.45-д бинго тоглолт үзэхээр зэргэлдээ орших эмнэлэг дээр очдог гэнэ. Энэ муур өдөр цагаа эндүүрч байсан тохиолдол огт гараагүй гэдэг. Ойролцоо эмнэлэг дээр нь эмч нар даваа гарагт тогтмол цагт бинго тоглодог байж л дээ. Нөгөө муур тэр цагт яваад оччихно. Бас нэг сонин явдал байна. Амьтан судлаач Вильям Бич илжигний цаг хугацааг мэдэрдэг талаар доорх тайлбарыг өгчээ. Калифорниор жуучлах үедээ судлагч илжигний ферм дээр очжээ. Илжигнүүдийг тариалангийн талбайн ажилд ашигладаг байв. Үд дунд болмогц ямар ч дохио өгөөгүй байхад илжигнүүд нэгэн зэрэг хөдлөхөө больчихоод, 12 цагаас нэг л минут өнгөрсөн бол ямар ч хүч хэрэглээд тэднийг цааш нь ажиллуулж дөнгөдөггүй байна. Хэдэн цаг болж буйг ийм баттай мэдэрдэг ямаршуу механизм амьд бие махбодын дотор нуугдаж байдаг юм болоо? Одоогоор шинжлэх ухаан үүнд бүрэн төгс хариу өгөөгүй байна. ургамал, амьтан цагийг ийм яв цав “баримталдаг” нь ертөнцөөс заяасан нэгэн ид шид, рид хувилгаан мэт санагдлаа.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top