Хичээлийн шинэ жил эхэлж оюутан залуусын хамгийн эрэлттэй зүйлийн нэг оюутны виза карт болон нийтийн тээвэрт үнэгүй зорчих наалт билээ. Өнгөрсөн жил 96 мянган оюутанд автобусаар хөнгөлөлттэй зорчих наалт олгосон. Харин энэ жил төрийн болон төрийн бус 98 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нийт 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн наалтыг олгох аж. Гэхдээ эдгээр нэмэлт наалтыг ирэх оноос олгох юм байна. Энэхүү наалтын үнэ өнгөрсөн жил 6800 төгрөг байсан. Тэгвэл үүнийг МОХ холбогдох байгууллагатай харилцан тохиролцож, 4800 төгрөг байхаар тогтоожээ. Мөн оюутны виза картыг шинэчлэн үнэгүй тараах бөгөөд энэ картаа суралцах их, дээд сургуулийнхаа оюутны холбооноос авах юм байна. Одоогоор хөнгөлөлттэй зорчих наалтын захиалгыг авч эхлээгүй байна. Учир нь их, дээд сургуулиудаас алслагдмал амьдардаг оюутнуудын нарийн тоо, шинэ оюутны судалгааг авах шаардлагатай байгаа юм. Тиймээс эхлээд их, дээд сургуулийн оюутны бүртгэл явагдаж дууссаны дараа хөнгөлөлтийн наалтын захиалгыг авах юм. Ингэхдээ бүтэн жилийн эрхтэй байхаар болжээ. Харин автобусаар хөнгөлөлттэй зорчих эрхийн наалт, шар виза карттай оюутнууд ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл зорчих эрхтэй аж.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )