Сургалтын төлбөрийн эрс нэмэгдлийг эсэргүүцэж оюутнууд жагсана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Энэ жил улсын их сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувь, хувийн их сургуулиуд 14-15 хувиар нэмэх болсон. Мөн зарим сургуулийн төлбөр 50 мянгаас 1 сая төгрөгөөр нэмэгдсэн судалгаа гарчээ. Тиймээс МОХ-ны оюутнууд энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна. Жил болгон их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг багш, ажилчдын цалин, сургуулийн байрны засвар гэсэн шалтгаанаар нэмдэг. Гэтэл үнэндээ зарим их, дээд сургуулийн сургалтын орчин, оюутны дотуур байр дутмаг байдаг.

“Монголын оюутны холбоо” сургалтын төлбөрөө нэмсэн сургуулийн эсрэг БШУЯ-нд албан бичиг хүргүүлжээ. Харин энэхүү албан бичгийн хариуг ирүүлэхгүй бол оюутнууд жагсахад бэлэн байгаа гэнэ. МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батбаяр хэлэхдээ “Сургалтын төлбөрийг нэмэх үндэслэлийн талаар холбогдох хүмүүстэй БШУЯ-ны сайд Л.Гантөмөр уулзахдаа МОХ-г байр суурийг нэг ч удаа анхаарч үзсээгүй. Тийм учраас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхэд бидний байр суурь эсрэг байна. МУИС-ийн ТУЗ-ийн удирдлагууд сургалтын төлбөрийг нэмэх асуудлаар манай холбоотой тохирч, оюутны хөгжлийн төлөө 10 зүйл бүхий гэрээ байгуулсан гэсэн яриа тарсан байна лээ. МУИС-иас манайхаас ганц ч хүнийг нэг ч удаа хуралдаа суулгаж бидний үгийг сонсоогүй. Албан бичиг баримт ирээгүй. Тиймээс оюутнуудыг бүгдийг нь эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг хүсч байна” гэж байв. Мөн сургалтын төлбөрөө эрс буюу 10 хувь нэмсэн их, дээд сургуульд элсэгч нарт эхний ээлжинд “сургалтын төлбөрөө битгий төл” гэсэн уриалга гаргах гэж байгаа аж.

Д.Шинээ           

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top